Баян-Өлгийн Цагдаагийн газар өнгөрсөн онд 2500 гаруй гомдол мэдээлэл шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-12 22:50:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар 2018 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр Хөгжимт драмын театрт ард иргэдэд сонсгол хийлээ.

Тус газар нь өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгжүүдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар 2572 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Нийт гомдол мэдээллийн 481 нь гэмт хэргийн шинжтэй, 2141 нь зөрчлийн шинжтэй байжээ.

Тухайн онд аймгийн хэмжээнд нийтдээ 318 гэмт хэрэг бүртгэгдэж 2017 оныхоос 0,3 хувиар буурчээ. Нийт гэмт хэргийн 239 нь хөнгөн, 79 нь хүнд гэмт хэрэг аж. Тайлант хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг 56,8 хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 50 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 57,8 хувиар тус тус буурчээ. Харин хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 28,5 хувиар, хулгай 22,3 хувиар,  мал хулгайлах гэмт хэрэг 35,2 хувиар, хөрөнгө завших гэмт хэрэг 58,4 хувиар тус тус өссөн, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 274 хэрэг бүртгэгдсэнээс 62,8 хувийг нь илрүүлсэн гэдгийг иргэдэд танилцууллаа.

Сонсголын үеэр зарим иргэд Өлгий хотыг дайран өнгөрөх Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хэсэгт нийтийн тээврийн микро автобус зогсох зогсоол гаргах, зарим сургуулийн эргэн тойронд хурд сааруулагч тавих, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг саналуудыг тавьж, иргэдийн амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэж буй цагдаагийн байгууллагын хамт олонд талархал илэрхийллээ. 

関連ニュース