"Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 1000 орчим зөвлөмж, зурагт хуудас тараажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газраас энэ сарын долооноос эхлэн "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна.
Цагаан сарын баярыг угтан нийтийн хэв
журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс
урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээдүүд нь
тогтоогдоогүй хэргийг илрүүлэх зорилготой уг арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий
аймаг дахь Цагдаагийн газар тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна хэмээн тус
газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн
хошууч О.Асылбек мэдэгдлээ.
"Тухайн нэгдсэн арга
хэмжээ ирэх сарын наймны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн
газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Энэ ажлын хүрээнд аж ахуйн
нэгжүүд болон томоохон зах, худалдааны төвүүдийн харуул хамгаалалт, хяналтыг
сайжруулах шаардлагыг тавьж байгаа. Мөн иргэд гэмт хэргийн хохирогч болохоос
урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх ажлыг эрчимжүүлж, 11
төрлийн 980 зөвлөмж, зурагт хуудас, гарын авлага тараагаад байна. Түүнээс гадна гэмт
хэрэг болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг төлбөртэй авна" гэлээ.
Баярын
өдрүүдэд байгаль, цаг уурын онцгой үзэгдэл бий болж болзошгүйг анхааран, онцын
шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд шатахуун
түлшээ хангалттай авч, дулаан хувцас, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг
хангаж явах, малчид малаа гэрт ойрхон бэлчээх, хүүхэд болон эмэгтэй хүнийг малд
явуулахгүй байх, гэр орноо хамгаалалтгүй, эзэнгүй орхихгүй байх, Цагдаагийн
байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвх санаачилгатай дэмжиж хамтран
ажиллахыг уриаллаа.