Насан туршийн боловсролын сургалтад хамрагдагсдын тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-24 18:05:47

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Насан туршийн боловсролын төвийн боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрт өнгөрсөн онд 410 суралцагч, бичиг үсэг ахиулах, таниулах сургалтад 149 иргэн хамрагдаж байсан бол энэ жил буурчээ.

Насан туршийн боловсролын /НТБ/ төв нь 2018-2019 оны хичээлийн жилд НТБ-ын 19 нэгжийн дүйцсэн хөтөлбөрийн сургалтад 9-48 насны нийт 382 суралцагч сурч байна. Үүнээс бага боловсролд 14, суурь боловсрол эзэмших 180, бүрэн дунд боловсрол эзэмших 188 суралцагч суралцаж байгаагаас 9-р ангийг 87 сурагч, 12-р ангийг 86 сурагч тус тус төгсөх юм байна.

Суралцагчдын ихэнх нь буюу 286 нь эрэгтэй, харин эмэгтэй суралцагч 96 байна. Мөн  34 хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид байгаа ажээ.

Улсын хэмжээнд хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд хамрах хувь нэмэгдсэнтэй холбоотойгоор Насан туршийн боловсролын төвийн боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүсийн тоо буурч байгаа ажээ. 

Насан туршийн боловсролын төвөөс явуулдаг өөр нэг сургалт нь бичиг үсэг ахиулах, таниулах сургалт юм. Энэ оны хичээлийн жилд НТБНэгжүүдэд бичиг үсэг ахиулах, таниулах сургалтад нийт 137 сурагч хамрагдаж  байна. Мөн НТБТөвөөс гэр бүл, амьдрах ухаан, ёс-суртахуун, төлөвшил, гоо зүй, эрүүл мэнд, иргэний боловсролын чиглэлээр тогтмол сургалтыг зохион байгуулдаг байна. 

関連ニュース