Шинийн 15-нд "Буян хураах" аялал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-02-13 21:36:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд "Буян хураах" шашин урлагийн арга хэмжээ энэ сарын 19-ний өдөр буюу шинийн 15-нд болохоор товлогджээ.

Арга хэмжээний хүрээнд Эрдэнэцогт сумын Пандэ чойнхорлон хийдэд Хачин ламын Есдүгээр дүр Б.Ренчинсамбууд мөргөж, адис авч, сургааль номлол сонсохоос гадна Бурхан шашны томоохон хурал /Мандал өргөх/, Хийморийн сан, Аян замын ерөөл, Хачин ламын хийдтэй танилцах, Урлагийн тоглолт зэргийг зохион байгуулах юм байна. 

Аймгийн ЗДТГ, БОАЖГ, Эрдэнэцогт сумын ЗДТГ хамтран 10 гаруй жил зохион байгуулж буй тус аялал шашин, урлагийн арга хэмжээнээс гадна байгалийн дурсгалт газруудтай танилцдагаараа онцлог. Аялагчид энэ удаад Баянхонгор аймгийн төвөөс Эрдэнэцогт сум /28 км/, Эрдэнэцогтоос Шатар чулуун хөшөө цогцолбор /12 км/ хүрээд аймгийн төвдөө /18 км/ ирэх аж.

                             

                           Хачин ламын хийд 

Хачин ламын хийд өдгөөгийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд хуучны сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу Түйн голын эрэгт хошуу ноёны шүтлэгийн ламд зориулагдан Хөхөгчин гал могой жил буюу 1903 оны үед баригджээ. Өдгөө 116 дахь жилтэйгээ золгож буй. 

Хачин ламын төвдийн Банчин эрдэнээс 8дугаар Богд Жавзандамба хутагтын багш ламаар илгээсэн хэдий ч тодорхой учир шалтгааны улмаас Богдын багш болж чадаагүйн тул Богдын хүрээнээс гарч, дээрх хошуу нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн Гачэн Гачэн багш, Гачэн номон хаан хэмээн алдаршжээ. 7дугаар Богд гурван хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг бол өглөө, үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байна.

Гачэн ламын сүм нь сумын төвийн баруун урд зүгт, хар модон банзан хашаатай, хашаа болон сүмийн хаалга нь баруун талдаа байгаа нь зарим сүм барилгыг Шамбалын орон уруу харуулан барьдаг нэгэн ёсны уламжлалтай холбоотой. 

Сүм хоёр давхар, урд талын хаалгаар ордог байна. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг, дээд давхар нь зуны сууц бөгөөд дотроо гурван өрөөтэй. Сүмийн ханануудад дээр үлгэр, домгийн сэдэвтэй төвд зураачдын хуа-жин хэлбэрийн өнгө ялган зурсан зурагнууд голлодог.

Гачэн ламын сүмийн их дааман хаалганы дээд талд алтан соронзоор сүмбэрдэж бичсэн өргөлийн бичиг байдаг агаад түүнд "...Их амгалант гарахын орон, номын баясгалант цэцэрлэг" хэмээн бичсэн байдаг байна.

                     

                           Шатар чулуун хөшөө

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг "Шатар чулуу"-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв гэж үздэг.

Шатар чулууны тухай түүхийн нэн сонин домог байдаг. Энэ нь Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж  ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг.


Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргэсүүрүүдээс бүрдэнэ. Эдгээрийн олонхи  болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна.

Хөшөөг саарал ягаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан бөгөөд түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм.  

МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй “Шатрын товч түүх” номондоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох. Зарим судлаачдын тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойр орших Эрдэнэцогт сумын төвийн байрлаж байгаа газарт эртний Хүннү гүрний үеийн хот суурины үлдэгдэл байх магадлал өндөртэй гэж тэмдэглэжээ.

関連ニュース