Н.Пүрэвдулам: Нярайн эндэгдлийн дийлэнхийг ургийн хөгжлийн гажиг, дутуу төрөлт эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн клиникийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй их эмч Норовсамбуугийн Пүрэвдуламтай ярилцлаа.
-Сүүлийн үед
төрөлт ямар хэмжээнд байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдээгүй. Гэхдээ манай Нөхөн үржихүйн эрүүл мэндийн клиникт жилийн төрөлт буураагүй. 2018 онд гэхэд өмнөх оноос 4 тохиолдлоор нэмэгдсэн. Энэ нь анхан шатны Эрүүл мэндийн төв болон сумын Эрүүл мэндийн төвд төрөх нь багасч, ихэвчлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж төрөөд байна гэж хэлж болно.
-Он гарсаар хэдэн
эх төрсөн бэ?
-Өнөөдрийн байдлаар манай тасагт он гарснаас хойш 219 эх төрсөн. Үүний 120 нь хүү, 99 нь охин.
-Манай аймаг
нярайн эндэгдлийн тоогоор улсын дунджаас дээгүүр байгаад байсан. Юунаас
үүдэлтэй эндээд байдаг юм бэ?
-Сүүлийн жилд аймгийн хэмжээнд 0-5 насны хүүхдийн эндэгдлээр улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Энэ нь зөвхөн Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд төдийгүй, сумдад эндсэн тохиолдлууд орж байгаа. Нярайн эндэгдлийн дийлэнх хувийг ургийн хөгжлийн гажиг, дутуу төрөлт эзэлж байна. Харин 1-5 насны хүүхдийн эндэгдлийн хувьд осол гэмтэл, золгүй тохиолдол ихэнх хувийг эзэлж байна.
-Бууруулж болох
арга байна уу?
-Эндэгдлийг бууруулахын тулд Эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд бүгд л хичээн зүтгэж байна. Орон нутгийн удирдлагуудын түвшинд ч авч буй арга хэмжээнүүд багагүй байгаа. Гэвч эндэгдэл буурахгүй байгаа нь цаашид эмч мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг харуулаад байна гэж үзэж байна. Мөн эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол нимгэн, тусламж хайх мэдлэг дутмагтай холбоотой. Хүндэрсэн хойноо эмнэлэгт оройтож хандах, цаг алдах, дур мэдэн эмчлэх гэх мэт асуудлаас ч болдог. Ийм учраас ард иргэдэд зориулсан зөвлөмж, сургалтыг ч сайн явуулах хэрэгтэй.
-Бас амьгүй төрөх
эсвэл гэдсэндээ бага сартайдаа ургийн хөгжилгүй болох, дутуу төрөлт зэрэг
асуудал манай аймагт ямар байдаг вэ?
-Өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, дутуу төрөлт болон ураг хэвлийдээ амьгүй болох тохиолдол нэлээд тохиолддог. Үүнд агаарын бохирдол, хэрэглэж буй хорт зуршил, хоол тэжээлийн байдал, бэлгийн замын халдварт өвчин, вирусын халдвар гээд л олон хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Яг ийм шалтгаанаас болж байна, ийм зүйл нөлөөлж байна гээд шууд хэлэхэд хэцүү. Тэгж оношлох ч боломжгүй. Ер нь гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэгтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэзээ, хэдэн насандаа, хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах, жирэмслэхээсээ өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, эрүүлжих гэх мэт олон асуудлууд байдаг. Эрүүл эхээс - эрүүл хүүхэд төрнө гэж ярьдаг шүү дээ.
1. -Энэ тал
дээр эхчүүд юун дээр анхаарах ёстой юм бэ?
-Зөвхөн эхчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй гэр бүлийн хосуудад хоёуланд нь хамаатай асуудал. Эрүүл байж жирэмслэх, жирэмсний хяналтад эрт, хугацаандаа орох, жирэмсэн үед үзүүлэх ёстой товлолт үзлэг, шинжилгээнд цаг хугацаанд нь бүрэн үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр гарч болох эрсдэлийг бууруулах боломжтой.
-Төрж байгаа
эхчүүд насны хувьд ямар байгаа бол. Ер нь их залуужиж байгаа гэдэг?
-Төрөлт жил ирэх тусам залуужиж байгаа. Манай тасагт гэхэд л 2017 онд охидын төрөлт 77 байсан бол өнгөрсөн 2018 онд 89 байсан. Мөн 40-өөс дээш насны эмэгтэчүүдийн төрөлт ч нэмэгдэх хандлагатай байна.
-Аймгийн төрөх
тасагт техник тоног төхөөрөмж болон хүний нөөцийн талаар хүндрэлтэй зүйл юу
байна вэ?
-Тоног төхөөрөмжийн хангалт харьцангуй сайн байгаа. Яг өнөөдөр тусламж үзүүлэхэд гар мухардаад, ажил хийж болохгүй хэмжээнд дутагдсан зүйл алга. Харин хүний нөөцийн хувьд эх барих-эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч хомсдолтой, хүрэлцэхгүй, одоо ажиллаж байгаа эмч нар маань ачаалал ихтэй байгаа. Мэргэшсэн боловсон хүчний хангалтыг эртнээс бодлогоор зохицуулахгүй бол, нэг өдөр хэн нэгнийг шууд авчраад тавьдаггүй болохоор, нэгэнт хомсдол үүссэн хойно эмч бэлтгэж, сургах, төгсөж ирэх гэсээр байтал цаг хугацаа шаарддаг. 2019 оны 4-р улиралд манай тасагт хоёр эх барих-эмэгтэйчүүдин эмч төгсөж ирнэ. Эмч нарын тоо нэмэгдэхэд нэг эмчид ногдох өвчтөний тоо цөөрч, ачаалал багасаж, тусламжийн чанар ч сайжрах ёстой. Эмч гэлтгүй сувилагч, тусгай мэргэжилтний хангалт ч бас сайн биш байгаа гэж бодож байна.
-Манай аймаг нэг
үеэ бодвол сайхан болжээ. Шинэ дэвшилтэт технологийг ашиглан, эмч нараа сургаад
дурангийн хагалгаа хийдэг болоод жилийн нүүр үзэж байна. Та эмэгтэйчүүдийн чиглэлээр дурангийн
хагалгаа хийдэг шүү дээ. Энэ бас дэвшил шүү...?
-Би 2018 онд эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Төгсөж ирээд Нийслэлийн “Өргөө” амаржих газар болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран гурван удаагийн эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг орон нутагтаа хийсэн. Энэ бол ард, иргэдийн чирэгдлийг багасгасан, орон нутагтаа илүү чанартай тусламжийг үзүүлж, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа том ажил юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ бас нэг шатаар урагшилж байгаагийн жишээ гэж би хэлмээр байна.
-Дурангийн ямар
ямар хагалгаа хийж байгаа вэ?
-Оношилгооны дурангийн мэс засал хийж байна. Цаашид өндгөвчний уйланхай авах, миом авах, наалдац салгах, умайн гаднах жирэмсний эмчилгээ хийх гээд олон нэр төрлийн хагалгаа хийх бодолтой байгаа. Энэ чиглэлээр өөрийгөө дайчлан, хичээж ажиллах болно. Бас дурангийн багаж, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаатай байх асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа.
-Эмэгтэйчүүдийн ямар өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна вэ?
-Манай эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт өндгөвчний уйланхай авах, миом шулж авах, умай тайрах, умайг бүхэлд нь авах хагалгаанууд хийдэг. Мөн сүүлийн үед хярзан нөхөн сэргээх хагалгаа хийж байгаа.
-Эмэгтэйчүүд
өөрсөддөө анхаарал тавих чухал юм шиг байгаан. Өөрөөр хэлбэл, өвчилчихөөд биш,
урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ чиглэлээр мэдлэг ойлголт дутмаг юм шиг
санагддаг. Таны бодлоор...?
-Сүүлийн үед мэдээлэл авах арга хэрэгсэл өргөжиж, цахим ертөнцөөс хүмүүс хүссэн мэдээллээ авч, өөртөө хэрэглэх болжээ. Гэхдээ энэ нь сайн, муу 2 талтай байна. Жишээ нь, ингэж өвдөөд байна яах вэ гэхээр дур мэдэн нэгэндээ зөвлөгөө өгцгөөх юм. Үүнийг би буруу гэж хэлнэ. Мөн манай эмэгтэйчүүдийн дийлэнх нь эрүүл мэнддээ анхаарах, цаг зав гаргах нь хомс юм шиг санагддаг. Ажил, гэр, нөхөр, хүүхэд гэсээр өөрсдийгөө хэр барагтай бол өвдлөө зовлоо гээд явдаггүй хүүхнүүд элбэг байдаг шүү. 16-49 насны эмэгтэйчүүд жилд дор хаяж нэг удаа эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт орох ёстой. 30-60 насны эмэгтэйчүүд хөх, умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой байдаг.
-Баярлалаа Танд. Удахгүй болох эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Нийт
бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.