Дулааны станц барих төслийн хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-11 17:55:30

Архангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Цэцэрлэг хотод дулааны станц барихтай холбоотой олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр иргэдэд дулааны станц барих төслийн болон түүний байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний талаар мэдээлэл өглөө. Мөн тус ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзаж, төслийн явц ямар шатанд явж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцүүлэгт 250 гаруй төр, захиргааны байгууллагын болон төрийн албан хаагчдын төлөөлөл, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Тэд дулааны станц барих нь зөв гэж үзэн дэмжсэн бол зарим иргэн, аж ахуйн нэгжийн зүгээс орон нутагт дулаан үйлдвэрлэдэг компанийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж, тэнд ажиллаж буй 140 гаруй хүнд ажилгүйдлийн нөхөн олговор олгох эсэх, дулааны станцтай болсноор үнэ тарифт өөрчлөлт орох уу, хувийн аж ахуйн нэгжүүд дулаанд хэрхэн холбогдох вэ, халуун усны төлбөр тооцоог бодож гаргасан уу зэрэг асуултыг асууж, зохих хариултаа авч байлаа.



Дулааны станц барих төслийн хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний яам бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Төслийн барилга угсралтын гэрээлэгч сонгох ажил нь энэ оны 9 дүгээр сараас эхлэх ба дулааны станцийн барилга угсралтын ажил 2020 оны 3 дугаар сараас эхэлнэ гэж төлөвлөгөө гаргажээ. 

関連ニュース