Булган сумын Соёлын төвийн барилга актлагдсан ч соёлын ажил явуулсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-19 12:07:52

Архангай /МОНЦАМЭ/. Булган сумын Соёлын төвийн барилга 1962 онд ашиглалтад орсон бөгөөд 2008 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас акт тавьсанаас хойш 11 жил өнгөрсөн ч сумын төвд соёлын үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. 57 жилийн настай энэ барилгыг банзаар барьсан бөгөөд өнгөрсөн жил гал түймэрт өртжээ.  

Тус барилга нь ашиглалтад орсноосоо хойш нэг ч удаа их засварт ороогүй, одоо суурийн чулуу нь үйрч, баганын яс мод нь илжирч өмхрөн, гадна дотно ханын шавар хөндийрч нуржээ. Мөн хаалга цонхонд гажилт үүсэн хаагдахаа байж, тааз энд тэндгүй цөмрөлт өгч нуран, хүйтний улиралд хана шал таазнаас салхи сийгсэн байдалтай байгаа ажээ.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өлзийт, Хашаат, Цэцэрлэг, Хотонт, Цэнхэр суманд 240 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга барина. Өндөр-Улаан сумын Соёлын төвийн барилгад их засвар хийх юм байна.

Харин Булган суманд улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл, хүүхдийн тоглоомын талбай, мал угаалгын онгоц зэрэг ажлыг хийх ажээ.  

関連ニュース