“Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмжийг хугацаа хэтрүүлэн олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/.Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Нийгмийн халамжийн сангийн “Цалинтай ээж хөтөлбөр”-ийн хүрээнд олгож буй 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмжийг зөвхөн аймгийн боловсролын салбарын 21 байгууллагаас 240 хүний түүвэр судалгааг авч, нийгмийн даатгалын байгууллага болон ажил олгогч байгууллагын тэтгэмж олголттой тулгаж шалгажээ.
Ингэхэд жирэмсэн амаржсаны тэтгэмж авч, чөлөөтэй байсан эх үндсэн ажилдаа буцаж орсноос хойш 1-8 сарын хугацаанд 21 иргэнд 3.5 сая төгрөгийн тэтгэмжийг цалинтай давхардуулан олгосон зөрчил илэрсэн байна. Архангай аймгийн хэмжээнд “Цалинтай ээж” хөтөлбөрт энэ сарын байдлаар 5358 эх хамрагдаж буй.
Мөн эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг асарч байгаа иргэнд олгож
байгаа тэтгэмжийн хувьд асаргаанд байгаад нас барсан иргэний судалгааг
аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авч сумдын 277 иргэний лавлагааг тулган
баталгаажуулахад гурван иргэнийг нас барснаас хойш 1-8 сарын хугацаанд 800.000 төгрөгийн тэтгэмжийг олгосон байжээ.