Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдсан нь малын чанарт нөлөөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. “Ногоон алт-малын эрүүл мэнд” төсөл хэрэгжиж буй Ихтамир, Өндөр-Улаан, Тариат суманд хонин сүрэгт ангилалт хийж, үржлийн болон хэрэгцээний малыг ангилах үзүүлэх сургалтыг 4 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 02-ны хооронд дээрх суманд зохион байгуулж байна.
Энэ сарын 28-нд Ихтамир сумын Хужирт
багийн малчин Н.Сэнгэбатын хонин сүрэгт ангилалт хийж, үржлийн болон
хэрэгцээний малыг ангилах, үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар ангилан
ялгалт хийхэд бог малын хээлтүүлэгч, хээлтэгчийн тохироо алдагдсан, бэлчээрийн
төлөв байдлын доройтол болон нэмэгдэл тэжээлийн нөөц хангалтгүй зэргээс малын
үржлийн чанар муудаж, бие давжаарах, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн гарц,
чанар багассан байдал ажиглагдсан байна. Сургалтад сумын бэлчээрийн менежментийн
ажлын хэсгийн гишүүд, мал эммнэлгийн нэгжүүд, бэлчээр ашиглагчдын хэсгийн
ахлагч буюу малчдын төлөөлөл оролцсон байна.
Уулзалт, сургалтыг “Ногоон алт-малын
эрүүл мэнд” төсөл, аймгийн ХХААГ, ГХБХБГ, МЭГ, бэлчээр ашиглагчдын холбоо,
ХААИС-ийн багш нар хамтран зохион байгуулжээ.