Үржлийн малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ, Цөм сүргийн үржлийн төвтэй хамтран Хангай сумын 1000 толгой сарлаг, Өндөр-Улаан сумын 1500, Тариат сумын 2000 толгой сарлаг, мөн 1000 хонь, Ихтамир сумын 500 сарлаг, “Тамир үүлдрийн хэсэг”-ийн 5000 толгой хонь, Хотонт сумын “Хотонт үржлийн хэсэг”-ийн 7000 хонь гээд нийт 18000 үржлийн малд үзлэг ангилалт хийж цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа.
Үржлийн малд үзлэг ангилалт хийх нь
малын үүлдэрлэг байдал, анги чанарыг тогтоож цөм сүрэг бүрдүүлэх, цаашид шилмэл
хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан үржилд сайжруулагчаар ашиглах, хээлтэгч
хээлтүүлэгчийн тохироог хангах, баталгаажсан үүлдэр омгийн малын тоо толгойг нэмэгдүүлэх
зорилготой юм.
Үржлийн малд үзлэг ангилалт хийх явцад “Хотонт үржлийн хэсэг”-ийн хонины нас гүйцсэн хуцны амьдын жин 43-50 кг, төлгөн хуц 29-35 кг, эм хонь 35-42 кг, охин төлөг 26-32 кг-ийн дундажтай, “Тамир үүлдрийн хэсэг”-ийн хонины нас гүйцсэн хуцны амьдын жин 46-50 кг, төлгөн хуц 32-36 кг, эм хонь 35-40 кг, охин төлөг 25-30 кг-ийн дундажтай байна.
Харин
сарлаг үхэрт хийсэн ангилалтаар нас гүйцсэн бух 300-340 кг, үнээ 250-280 кг,
гунж 220-250 кг, өсвөр бух 230-270 кг гарч амьдын жингийн дундаж үзүүлэлт гарч
байна.
Үржлийн малд үзлэг ангилалт хийж цөм
сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шилмэл цөм сүрэг бүрдүүлэн цаашид шилмэл
хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан үржилд сайжруулагчаар ашиглах, үржилд борлуулах
эрх бүхий “Цөм сүргийн малтай өрх”-өөр баталгаажуулсан гэрчилгээг 4 сумын 7
өрхөд бүртгэж, 3745 толгой хонь, 754 толгой сарлагийг цөм сүргээр бүртгэсэн
байна.