Сум, баг, өрхийн ЭМТ-ийн эмч нарыг чадавхжуулах төсөл хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн санаачилга, дэмжлэгээр “Архангай аймгийн нийт сум, баг, өрхийн ЭМТ”-ийн эмч нарыг чадавхжуулах төсөл хэрэгжих ба төслийн сургалт энэ сарын 7-ны өдөр боллоо. Сургалтад Нэгдсэн эмнэлэг, сум, өрх, багийн 300 гаруй эмч, сувилагч нар оролцсон юм.
Төсөл нь Архангай аймгийн нийт сум,
баг, өрхийн ЭМТ, Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нарыг чадавхжуулах, анхан
шатны эрүүл мэндийн байгуулагуудын тусламж үйлчилгээг сайжруулах мөн Япон Улсын
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутагт нутагшуулах зорилготой.
Төслийн нээлтэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, аймгийн удирдлагууд, АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар
оролцсон.
Архангай аймаг зам тээврийн
харилцаа хөгжсөн, осол аваар гарах эрсдэл өндөр, аялал жуулчлалын бүс нутаг,
алслагдсан байдал, зориулалтын тоног төхөөрөмж дутмаг зэрэг нь анхан шатны
эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчид руу чиглэсэн энэхүү төслийг
хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага хэмээн үзэж төслийн талаарх
мэдээллийг өгч, сургалт явуулжээ.
Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЭМГ
болон Нэгдсэн эмнэлэгт тус бүр 1 “Гамшгийн үеийн иж бүрдэл”, сум, өрхийн эрүүл мэндийн
төвүүдэд яаралтай тусламжийн зориулалтын цүнх гардуулан өглөө.
Энэхүү төслийг аймгийн Эрүүл мэндийн
салбар, АШУҮИС болон Япон Улсын АМДА Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
юм. Япон улсын АМДА (ASSOCIATION of MEDICAL DOCTORS of ASIA) Олон улсын
байгууллага нь Дэлхийн 20 гаруй оронд салбар нэгжтэй Гамшиг, яаралтай
тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч нарын холбоо ажээ.
Энэ үеэр АШУҮИС-ийн Клиникийн профессор цолоор
15, "Эрдмийн очир" одон медалиар 15 эмчийг шагналаа. Мөн Эрүүл
мэндийн тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн сайдын жуух бичгээр эмч,
мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулсан байна.