Эрдэнэмандал сумынхан буянт мал сүргээ 50 түм хүргэсний баяраа тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал сум 1964 онд улсын хэмжээнд малын тоо толгойгоор аман хүзүүдэж, алтан бүслүүртэй агар зандан хувин авто хөлгөөр мялаалгаж байв. Энэ залгамж эдүгээ хүртэл үргэлжилж, энэ жил Эрдэнэмандал сум 50 түмэн малын баяраа тэмдэглэв.
Сумын уяачдын холбооны тэргүүн Ү.Бүүвэйгийн азарга, улсын харцага Г.Батбаярын бор морь, залуу уяач Н.Лхагвадорж, М.Наранбаатрын үрээ түрүүлэн түмэн олноо баясгав. Зая гэгээний хүү Самдангийн хонгор морь айргийн тавд давхиж, бас нэгэн амжилт нэмэв.
Аймгийн алдарт уяач Н.Есөн-Өрлөг Мандал угшлын хурд бий болгохоор зорьж байгаа аж. Түүний хүрэн үрээ айргаас мултрахгүй байлаа.
Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун тэргүүтэй бөхчүүд барилдаж,Б.Батдорж шинээр сумын заан боллоо.
Улсын сайн малчин цол хүртсэн Н.Жамбалганий, Л.Хадбаатар, С.Зоригоо нар улаан халзтай өргөө гэрээ барьж, амжилт ололтоо наадамчин олонтойгоо хуваалцав.Дашрамд хэлэхэд сумын наадамд морьтой надамчид олширч байгаа аж.