Монгол Улсын баатар С.Дампилын гэрэлт хөшөөг босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-31 13:14:16

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар С.Дампилын дурсгал хүндэтгэлийн хөшөөг Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвд баатруудын хөшөөт цэцэрлэгт хүрээлэнд бүтээж байрлууллаа.  

Хөшөөний өндөр нь 2.5 метр, хүрэл цутгамал юм. Хөшөөг 1945 онд Жанчхүүгийн даваанд гавъяа байгуулахдаа барьж байсан хөнгөн пулемётоо барьж байгаагаар дүрсэлж, ид залуу үеийн биеийн бүтцийг нарийн харуулж мөнхлөн бүтээсэн байна. Харин хөшөөний суурь нь 1.8 метр өндөр, 1.2 метр өргөнтэй ажээ. 

Монгол Улсын баатар Сангийн Дампил нь 1922 онд Архангай аймгийн Булган сумын 2-р багийн нутаг дунд Тамирын голын дэргэд Шадавын Жамъяангаравын 5-р хүү болон мэндэлжээ. Тэрээр 1940 онд Ардын цэргийн албанд мордож Матадын 8-р дивизийн морьт хорооны 1-р суманд байлдагч цолтойгоор алба хааж эхлээд удалгүй хөнгөн пулемётын наводчик болжээ. 

1945 оны чөлөөлөх дайн, Японы эсрэг Халх голын байлдаанд Японы офицерыг байлдааны онц чухал баримт бичгийн хамт олзолсон байна. Мөн Жанчхүүгийн даваанд болсон тулалдаанд квантуны армийн маш бат бөх бэхлэлтийг бут ниргэсэн пулемётын мэргэн галаар дайсны хүнд, хөнгөн галын цэг, амьд хүч олныг устгаж, эр цэргийн болон эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гарамгай биелүүлж, чин зоригтойгоор байлдан эрэлхэг баатарлагийн жишээг үзүүлж, онцгой гавъяа байгуулсан хөнгөн пулемётын наводчик Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Сангийн Дампилд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 9-р сарын 25-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын "Баатар" цолыг олгожээ. 



関連ニュース