Телекамерын хяналтын төв ашиглалтад орсноор гэмт хэргийн илрүүлэлт өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-06 15:40:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар ААНБ-уудын гаднах камерын хяналтын цэгийг нэг дор төвлөрүүлжээ. Ингэснээр гэмт хэрэг зөрчлийн тоо буурч, илрүүлэлт өссөн байна. Тодруулбал, телекамерын хяналтын төв ашиглалтад орсноос хойш хулгай, танхай, авто замын эсрэг зэрэг 50 орчим зөрчлийн шинжтэй гэмт хэргийг илрүүлжээ.

Тус аймгийн төв болоод авто замууд ямар ч хяналтын камергүй ганц аймаг. Тиймээс ЦЕГ-ын даргын тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, сумын удирдлагуудад санал хүргүүлсэний үндсэн дээр 19 сая төгрөгийн санхүүжилтээр дэд бүтцийн асуудлаа шийдвэрлүүлж, телекамерын хяналтын цэгийг Цагдаагийн газарт төвлөрүүлэх ажлыг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Одоогоор 60 орчим ААНБ-ын гадна камер энэ төвд холбогдоод байна. Уг төв ашиглалтад орсноор хулгай, танхай, зам тээврийн эсрэг зэрэг гэмт хэргүүдийг богино хугацаанд илрүүлсэн. Ялангуяа замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нэгдүгээр эгнээний зам дээр машинаа тавьсанаар замын ачааллыг хиймлээр нэмэгдүүлэх байдал их үүсч байна. Үүнийг бид хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж, цаашлаад энэ нь иргэд болоод ААНБ-уудын аюулгүй байдлыг хангахад өндөр ач холбогдолтой гэж аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч О.Баториг ярилаа.

ААНБ-ууд камераа өөрсдөө авч суурилуулах бөгөөд цаашдын ашиглалтыг мөн хариуцна. Цагдаагийн газраас зөвхөн хяналтыг тавих юм. 

関連ニュース