“Бөөрөгийн цагаан нуурыг сэргээх” төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутагт орших "Бөөрөгийн цагаан нуурыг сэргээх төсөл"-ийг УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын санаачилгаар улсын төсвийн хөрөнгөөр БОАЖЯ хэрэгжүүлж байна.
Бөөрөгийн цагаан нуурыг сэргээх зорилгоор Бөөрөгийн голоос суваг татах ажлыг "Ариг шан" ХХК гүйцэтгэж байна. Нийт 910м суваг татахаас 2020 оны 08 дугаар сарын 25-ны байдлаар 670м сувгийг татсанаар 500 мян.шоо метр эзэлхүүнтэй, 32.5 га усан мандал сэргээгдэх боломж бүрдэнэ. Нуурыг сэргээснээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нуур, тойром, булаг, шанд, гол, горхи хатах ширгэх, бэлчээр доройтох, хүн амын болон бэлчээрийн усан хангамж муудах зэрэг сөрөг нөлөөлийг бууруулах юм. Мөн тухайн нутгийн иргэдийн унд ахуйн болон мал, ан амьтны усан хангамж сайжрах, экосистемийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой ажээ.
“Бөөрөгийн цагаан нуурыг сэргээх
төсөл”-ийг батлагдсан зураг төслийн дагуу хийж байгаа эсэхтэй төсөл санаачлагч
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, сумын Засаг дарга, БОАЖЯ-ны Усны нөөцийн
хэлтсийн мэргэжилтэн Д.Сайханжаргал, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны
мэргэжилтэн Д.Оюунбилэг, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Солонго, сумын байгаль
орчны хяналтын улсын байгцаагч Р.Батбямба, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд танилцжээ.
Тус төслийн зураг төслийг боловсруулсан доктор н.Даваажамц ажлын зураг төслийг нутгийн иргэд, ажлын хэсэгт танилцуулсан байна.
Цаашид нутгийн малчид, орон нутгийн
удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт дээрх
ажлын хүрээнд хийж буй усны барилга байгууламжийн ашиглалт хамгаалалтын байдалд
хяналт тавьж ажиллах талаар төслийн багаас зааварчилга өгөхийг зөвлөв.