Хекматияртай энхийн тохиролцоо хийх гэсэн хүчин чармайлтыг АНУ дэмжинэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН./TASS/.Исламын хөдөлгөөний толгойлогчдын нэг болох Гульбеддин Хекматиартай эвлэрлийн тохиролцоо хийх гэсэн Афганистаны Засгийн газрын бодлогыг АНУ дэмжиж байна. Гэхдээ Америкийн тал Хекматиарыг террорист гэж үзсэн хэвээр байгаа гэдгийг тус улсын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Жон Кирби мэдэгдлээ.
“Хекматиарын хувьд энэ хүн манай засгийн газрын “хар жагсаалт”-ад байсаар байгаа. Гэсэн хэдий ч түүний толгойлдог "Хизб-е-ислами" бүлэглэлтэй хэлэлцээ хийж, хүчирхийллийг зогсооход чиглэсэн Афганистаны Засгийн газрын хүчин чармайлтыг бид дэмжиж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Хекматиар "Хизб-е-ислами" буюу Афганистаны Исламын нам хэмээх босогчдын бүлэглэлийг 1979 оноос хойш удирдаж байгаа юм. 1993-1994 онд Афганистаны Ерөнхий сайдын албыг хашиж байсан тэрбээр “Талибан” хөдөлгөөний толгойлогч Омар, “Аль-Каида”-г үүсгэн байгуулагч Усама бен Ладен нарын хамт 2003 онд АНУ-ын Төрийн Департаментаас гаргасан террористуудын “хар жагсаалт”-ад орсон байна.
Өнгөрсөн гуравдугаар сард "Хизб-е-ислами" бүлэглэлийн төлөөлөгчид Афганы Энх тайвны Дээд зөвлөл гэдэг байгууллагын ивээл дор төв засгийн газар болон сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд болж буй хэлэлцээнд оролцжээ. Тус бүлэглэл Афганистаны асуудлыг энхийн замаар зохицуулах дөрвөн талын хэлэлцээнд цаашдаа оролцох болно гэдгээ мэдэгдсэн байна. Уг хэлэлцээнд Пакистан, АНУ, БНХАУ гэсэн гурван улс зуучлагчийн хувиар оролцож байгаа ажээ.
Х.Сарнай