Уулбаян сумын 50 хүүхэд нэг сарын хугацаанд шатар тоглож сурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян сумын Засаг даргын санаачилга, дэмжлэгээр ЕБС-ийн 50 хүүхэд нэг сарын хугацаанд шатар тоглож сурчээ. Улаанбаатар хотоос
мэргэжлийн багшийг урьж авчран нэг сарын хугацаанд хүүхдүүдийг сургасан байна.
Шатрын спорт нь
хүүхдийг хүмүүжил төлөвшлийн зөв дадалд хөтлөхийн зэрэгцээ хүний оюун ухааныг
тэлдэг гэж үздэг. Тиймээс хүүхдүүдэд багаас нь шатрын спортоор дамжуулан олон
талын мэдлэг боловсрол олгохыг зорин энэхүү ажлыг эхлүүлжээ. Шатар гээчийг огт
мэдэхгүйгээс эхлээд дөнгөж нүүдэл гадарлах төдий байсан хүүхдүүд одоо өөр
хоорондоо өрсөлддөг болжээ.
Манай сумын хүүхдүүд
спортын бүхий л төрлөөр тодорхой хэмжээнд амжилт гаргасаар ирсэн. Харин шатрын
хувьд хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч амжилт үзүүлэх боломжгүй байсан. Тиймээс үүнийг ажил хэрэг болгох гэж
хэдэн жилийн өмнөөс бодож санаж ирсэн. Харин энэ маань өнөөдөр биелэлээ олж,
нэг дор 50 гаруй хүүхэд шатар тоглож, бүр хоорондоо өрсөлдөж байгааг харах
таатай байна. Сургалтын ажлыг маш амжилттай зохион байгуулсан байна гэж сумын Засаг дарга Д.Шижирбаатар ярьж байна.
Нэг сарын сургалтыг
шатрын спортын дэд мастер Б.Цоггэрэл явуулж, 50 хүүхдийг нэг дор сургажээ.
Сүхбаатар аймагт 10 жилийн өмнө ирж байсан тэрээр Уулбаян
сумыг огт мэдэхгүй. Гэсэн хэдий ч хүүхдүүдийг сургахаар зорьж буй олон
хүмүүсийн хичээл зүтгэлийг цахим сүлжээнээс олж хараад зорин иржээ.
Анх шатрын сургалт
явуулах багш хайж байна гэдэг зарыг олж хараад яагаад ч юм шууд ирэх хүсэл
төрсөн. Анх ирэхэд ихэнх хүүхдүүд маань шатар мэддэггүй байсан ч маш амархан
сурч, хүүхэд бүрт өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Энэ бол багш хүний ажлын гол үр
дүн юм. Анги танхим, шатар гээд
шаардлагатай хэрэгслээр бүрэн хангагдсан
байгаа учир цаашид сургалтаа таслахгүй үргэлжлүүлэхийг сургуулийн хамт олонд зөвлөж
байгаа гэж Шатрын спортын дэд мастер Б.Цоггэрэл хэллээ.
Сургалтын хаалтад
зориулан 50 сурагчийнхаа дунд шатрын тэмцээнийг зохион байгуулжээ. Улмаар хүүхдүүдийг
гурван насны ангиллаар шагнаж урамшуулсан нь тэдэнд энэ спортод дурлах,
цаашлаад тасралтгүй үргэлжлүүлэн хичээллэж амжилт гаргах итгэл, урмыг өгсөн үйл явдал болсон юм.