Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааны товыг тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, ирэх сарын гуравны өдөр аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг зохион
байгуулахаар тогтлоо.
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын
зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор тэргүүлэгчдийн хурлыг онлайн, танхим хосолсон
хэлбэрээр явуулж тэргүүлэгчид 100 хувийн ирцтэй
оролцсон байна.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын хуралдааны дэг, дүрэм, төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, аймгийн ИТХ-ын
хороод байгуулах, ажиллах чиглэл батлах асуудлыг
тус тус хэлэлцэх аж. Мөн аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн ИТХ-ын 2020-2024 оны үндсэн зорилт, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах, 2021 оны төсөв батлах, 2021 онд
аймгийн хэмжээнд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах, аймгийн хэмжээнд ирэх онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил,
зориулалтыг батлах, Орон нутгийн тусгай
хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай зэрэг 12 асуудлын хүрээнд
хуралдахаар тогтсон байна.
Түүнчлэн Хэнтий аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтцийг шинэчлэн батлах тухай
асуудлыг тэргүүлэгчдээр хэлэлцэж, аймгийн ИТХ-ын
ажлын албыг 2016 онд баталсан 11 хүний бүтэц орон тоотой хэвээр үргэлжлүүлэн
ажиллуулахаар шийдвэрлэжээ.