Цахилгааны хэрэглээгээ нэмэхгүй, хэмнэхийг мэргэжилтнүүд анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч бөгөөд Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Ц.Чогсомжав, БЗӨБЦТС ТӨК-ийн харьяа "Хэнтий ЦТСС"-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ариунаа нар Чингис хотыг дулаанаар хангагч байгууллагуудын удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол улсын Засгийн газрын айл бүрийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг тэглэх болсонтой холбогдуулан үүсэж болох эрсдэлийн талаар зөвшилцөж, холбогдох зохион байгуулалт, үүрэг чиглэлүүдийг өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахаар боллоо.
"Хэнтий ЦТТС"-ын мэдээллээр, 110 кВ-ын Өндөрхаан дэд станц болон бусад салбар дэд станцын сүүлийн тав хоногийн мэдээллийг гаргаж, Засгийн газрын шийдвэр гарснаас хойших буюу 12-р сарын 13-ны 18:00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээ огцом өсөж 0,5-1,5 мегаваттаар өссөн дүн гарсан байна.
Тиймээс эрчим хүчний доголдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор уурын зуухнуудыг цахилгаан үүсгүүрээр /генератор/ хангах, мэргэжлийн байгууллагаас дулаанаар хангагч уурын зуухнуудад аваарийн дизелийн схем гаргах зохион байгуулалтыг хийхээр боллоо.
Өнөөдрийн байдлаар Чингис хотыг дулаанаар хангаж буй 17 уурын зуухнаас нэг нь цахилгаан үүсгүүртэй /генератор/ бөгөөд "Хэнтий ЦТСС"-ын нөөцөд 160 кВ-ын нэг генератор бий гэнэ.
Тиймээс дулаанаар хангагч байгууллагууд цахилгаан үүсгүүртэй /генератор/ болох хугацаанд зохиомол эрчим хүчний доголдол үүсгэхгүй байх, цаашид цахилгааны хэрэглээгээ нэмэхгүй, хэмнэхийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Цахилгаан, эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээр системийн доголдол гарах, үүнээс шалтгаалж уурын зуухны үйл ажиллагаа алдагдан, айл өрхийн халаалт зогсож хөлдөх эрсдэл үүсэж болзошгүй юм.
"Хэнтий ЦТСС"-аас эрчим хүчээр хангагдаж буй 10416 айл өрх, 636 ААН нийт 11052 хэрэглэгч цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдаж байгаа бол төсвийн 144 байгууллага, төрийн өмчит 3 компани, орон нутгийн өмчит гурван компани, уул уурхайн боловсруулах 16 үйлдвэр, 38 Банк, санхүүгийн байгууллага, Газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг 25 байгууллага, Харилцаа холбооны сүлжээ болон түүний ашиглалт засвар үйлчилгээ эрхэлдэг 5 байгууллага эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлнө.
Үүнчлэн Хэрлэн сумын хэмжээнд 878 хэрэглэгч урьдчилсан төлбөрт тоолууртай. Тухайн хэрэглэгчдэд "Хэнтий ЦТСС"-аас энэ сарын 15-ны өдрөөс тав хоногийн турш өдөрт 180 хэрэглэгчид хүрч, тоолуурын мэдээллийг шинэчлэх ажлыг зохион байгуулах бөгөөд эрчим хүчийг 12 дугаар сарын 15-наас 2021 оны 7-р сарын 15-ныг хүртэл тэглэх зохион байгуулалтыг хийнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.