Энэ сарыг дуустал ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнөөс эхлэн Увс аймгийн зарим
суманд цасан болон шороон шуурга шуурч байна. Тодруулбал, Наранбулаг, Малчин,
Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Өлгий, Сагил, Хяргас суманд салхины хурд 10-18 м/c хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч хоножээ.
“Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар аймгийн
төвд 8-10 м/с салхитай, Өндөрхангай, Наранбулаг, Завхан, Өмнөговь, Ховд
суманд салхины хурд ширүүсч, 14-20 м/с хүрээд байна.
Цаашид энэ сарыг дуустал ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, шөнөдөө Увс нуур, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, нутгийн өмнөд хэсэг болох цас багатай энгэр газраар 10-15 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, нутгийн өмнөд хэсэг болох цас багатай энгэр газраар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байх төлөвтэй байна" гэж аймгийн УЦУОШТ-ийн синоптек инженер Т.Болормаа мэдээллээ.