Баатруудын хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 100
жилийн ойг тэмдэглэж байна. Аймгийн удирдлага, цэргийн болон хууль сахиулах
байгууллагын бие бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөл Монгол Улсын баатруудын хөшөөнд
цэцэг өргөлөө. Ардын Хатанбаатар С.Магсаржав, гарамгай баатар Л.Дандар, агаарын
зоригт баатар Ч.Шагдарсүрэн, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, хилчин баатар
Ж.Нэхийт, С.Лхагвадорж, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарын алдрыг мөнхжүүлсэн
хөшөө Булган сумын төв цэцэрлэгт байдаг юм.
Зэвсэгт
хүчний 100 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын
газарт болж, тус аймгаас төрсөн генералууд цахим мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр
Монгол Улсын төрийн дээд шагнал, цэргийн цол, аймгийн шагналаар шагнуулсан
хүмүүст цол, шагналыг гардуулах ёслол болов. Аймгийн цэргийн штабын орон
нутгийн хамгаалалт, сургалтын офицер Ц.Цэрэнтогтох Монгол Улсын Төрийн дээд
шагнал “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа. Аймгийн Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газрын дарга Д.Төгсбаярт олгосон хурандаа цолыг гардуулж, ахмад
дайчин Д.Дорж, Ж.Дугарсүрэн нарт хүндэтгэл үзүүлэв.