УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгорт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРУИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Баянхонгор аймагт ажиллаж, тус аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. АН-ын даргын Баянхонгорт ажиллах багт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Д.Дагвадорж нар багтсан байв.
Уулзалтын эхэнд АН-ын дарга З.Энхболд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй дэвшигчиддээ баяр хүргэж, үг хэлсэн. Үргэлжлүүлэн, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаж, мөн ирэх 4 жилд хийх ажлын мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн тэрээр Ардчилсан нам сүүлийн 4 жилийн хугацаанд хийсэн зам тээврийн салбар дахь бүтээн байгуулалт, орон нутагт эрх мэдлийг олгосон тухай, иргэд орон нутгийнхаа төсвөө юунд зарцуулахаа өөрсдөө шийддэг болсон “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн тухай, мөн тэтгэврийг 2013, 2015, 2016 онд нэрлэсэн үнээр нэмсэн зэрэг мэдээллүүдийг хийсэн.
Ардчилсан нам экспортыг идэвхжүүлэн ажиллана. Мөн ХАА-н салбарын эрчимтэй хөгжил, монгол хүний бүтээмжийг өсгөнө, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн гол агуулгыг хэрэгжүүлэхийн тулд “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр зорилтуудаас сайн малчин, сайн оюутан, сайн хашаа зэрэг хөтөлбөр хэдийнээ хэрэгжээд эхэлсэн гэлээ. Түүнчлэн бид экспортын чиг баримжаатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа. Учир нь гурван монгол залуу эх орондоо нарны панель үйлдвэрлээд, Япон Улс руу экспортлож байгааг зургаар харууллаа. Японд ажиллаж буй гурван монгол залуугийн нэг нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул гэлээ. Мөн Ардчилсан намын хийж хэрэгжүүлж эхэлсэн болон ирэх 4 жилд үргэлжлүүлэн хийх “Таван сайн” хөтөлбөр болон бүхий л салбарт хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм.
Б.Мөнхзул