Ховд аймгаас 367 эх “Эхийн алдар” одон гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 128 дугаар зарлигаар Ховд аймгийн харьяат олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг “Эхийн алдар” одонгоор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.
Энэ жил Ховд аймгийн
хэмжээнд 25-58 насны нийт 367
эх “Эхийн алдар” одон авч байна.
Үүнээс “Эхийн алдар” нэгдүгээр
зэргийн одонгоор 43 эх энгэрээ мялаав. Мөн хоёрдугаар
зэргийн одонг 324 эх гардан авч байгаа нь өнгөрсөн оны одонтой эхчүүдээс
зургаан хувиар өссөн үзүүлэлт аж.
Үүнээс гадна аймгийн төв буюу Жаргалант сумын
хэмжээнд 108 эх одон гардан авч байгаагийн тав нь нэгдүгээр зэрэг, 103 нь хоёрдугаар
зэргийн одонгоор энгэрээ мялаалаа.
Шагналыг УИХ-ын гишүүн,
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн
Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав,
аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Жаргалант сумын Засаг дарга
Ц.Цогтбаяр нар гардуулан өгч, баяр хүргэлээ.