49754 иргэн вакцины бүрэн тунд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-04 18:44:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт шинээр 9 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 700 боллоо. 

Шинээр бүртгэгдсэн 9 тохиолдлын хувьд тав нь ойрын хавьтлаас, гурав нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын хавьтал, нэг нь Улаанбаатараас ирсэн иргэний тандалтын шинжилгээнээс илэрчээ. Нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь нийслэлээс ирсэн иргэдээс эх үүсвэртэй аж. Одоогоор 21 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 10 нь хүүхэд, 11 нь насанд хүрсэн иргэн байна.

Халдвар авсан иргэдийн дунд коронавирусний эсрэг дархлаажуулалтын нэг, хоёр дахь тунд хамрагдсан хүмүүс байгаа аж. Дархлаажуулалтад хамрагдсан иргэд шинж тэмдэг бага, хөнгөн өвдөж байгааг эрүүл мэндийн газрын мэргэжилтэн онцолсон. Ихэнхдээ толгой өвдөх, хуурай ханиалгах, хамар битүүрэх, халуурах шинж илэрч байгаа ажээ. Халдвар авсан иргэд “Хүйтэн ус уугаад хоолой өвдсөн, ханиад хүрлээ” гэж андуурах тохиолдол гарч буй тул сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай гэж аймгийн ЭМГ-ын тархвар судлаач эмч Л.Өлзийжаргал хэллээ.

Халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь дархлаажуулалтад хамрагдах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах юм. Өнөөдрийн байдлаар эхний тунд 55256, хоёр дахь тунд 49754 иргэн хамрагджээ.


関連ニュース