Мал үржлийн технологичийн сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-29 00:52:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал үржлийн алба Хутаг-Өндөр суманд бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Малын удмын үндэсний сантай хамтран зохион байгуулсан сургалтад дөрвөн аймгийн 12 мэргэжилтэн оролцсон байна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны дарга М.Жавзандолгор:

            - Коронавирусний цар тахлаас шалтгаалан оролцогчдын тоо бага байсан ч үр дүнтэй сургалт боллоо. Цаашид малын чанар, үүлдэр, угсаа сайжирч, малчид, фермерүүдийн ашиг орлого нэмэгдэхэд шинжлэх ухааны дэвшилтэт технологи болох малын зохиомол хээлтүүлгийн арга үр дүнгээ өгнө гэлээ. Манай улс хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хүнс, хөнгөн үйлдвэрийн түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор зохиомол хээлтүүлгийн аргыг 1953 онд анх нэвтрүүлж эхэлсэн байна. Малын зохиомол хээлтүүлэг нь биотехнологийн шинжлэх ухааны хамгийн хялбар, оновчтой, хямд арга бөгөөд гэрийн тэжээвэр амьтны удам зүйг сайжруулахад түгээмэл хэрэглэгддэг аж. Шилмэл хээлтүүлэгчийн удам зүйн дэвшлийг богино хугацаанд олон тооны хээлтэгч малд хүртээн ашиг шим сайтай малтай болох боломжийг бий болгодог мэргэжилтнүүд дүгнэдэг. Дур зоргын хээлтүүлэгт нэг бухыг сайндаа л 3-5 жил ашиглаж, хамгийн ихдээ 200 тугал авах боломжтой бол зохиомол хээлтүүлэгт ашиглах шилмэл бухаас 100 мянга хүртэлх тугал авах нөөц байдаг гэнэ.

関連ニュース