БУЛГАН: Хеликобактери ходоодны хорт хавдар үүсгэх шалтгаан болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-19 11:33:50

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аягагүй бол амгүй гэж ардын үг байдаг. Хүн бүр аягатай байх нь үндэсний соёл бөгөөд мөн эрүүл ахуйн нэн чухал ач холбогдолтой ажээ.


Сүүлийн үед шүлсээр дамжин халдварладаг өвчин нэмэгдэж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, манай ард түмэн гэртээ зочилсон хүндээ өөрсдийнхөө аяга тавганд цай хоолоо хийж өгдөг, найр наадам, тэмдэглэлт баярын үеэр зочдод айраг, архи хундагалахдаа нэг аягаар тойруулдаг. Ингэхээр нэг хүн хундага архи уухын хажуугаар, найран дээр байгаа бүх хүний шүлсийг аяганы ирмгээр нь дамжуулан хүртэж, нян авч байна гэсэн үг. Айргаа аяганыхаа ёроолд үлдээгээд, дараагийн хүн түүний үлдэгдэл дээр айраг нэмж уудаг зэрэг нь эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байна.


Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 гаруй төрлийн нян бактери байдаг болохыг олон улсын эрдэмтэд тогтоосон байна. Монголчууд аягаа тусгай уутанд хийгээд бүсэндээ зүүчихдэг, хаана ч явсан зөвхөн өөрийн аягаар, хоол ундаа идэж, айраг, архиа зооглодог байсан уламжлалтай. Ингэхдээ ихэвчлэн мод, зэс, мөнгөн аягыг хэрэглэдэг байсан.


Мөнгөн аяганд хоол цай идэж уухад буйлыг бэхжүүлж, ходоод гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нянг устгадаг гэнэ. Мөнгөний ионууд уусаж хүний бие махбодид шингэдэг байна. Түүнчлэн усны савныхаа ёроолд жижиг мөнгө хийчихэд ус мууддаггүй зэрэг эерэг нөлөөтэй байдаг ажээ. Айлаар орохдоо ихэвчлэн өөрийн тагш аягандаа цай, хоол хийлгэж иддэг байжээ. Энэ нь эрүүл ахуй талаасаа маш сайн хэвшил. Өөрөөр хэлбэл ахуйн замаар дамжин халдварладаг халдвараас зан үйлээрээ өөрсдийгөө хамгаалдаг байжээ.


Харин суурин нийгэмд энэ зүйл үгүй болж хаа таарсан газраа нийтийн аяга, таваг, халбага хэрэглэж байгаа нь хеликобактери тархах үндсэн нөхцөл болж байна. Хеликобактери нь ам залгиурын замаар буюу аяга, халбага дамжуулан хэрэглэх, амнаас аманд хоол хүнс хуваан идэх, нэг савнаас хооллох, ундлах үед халдварладаг ажээ. Хеликобактери ходоодны хорт хавдар үүсгэх шалтгаан болдог.


Хүн төрөлхтөн 1982 он хүртэл хеликобактери гэж байдаг гэж мэддэггүй явжээ. Австралийн эрдэмтэн Бэрри Маршел, Робин Варен нар 1982 онд ходоод гэдэсний замд байрладаг хеликобактерийг нээн илрүүлжээ. Үүнийхээ дараагаар 2005 онд хеликобактери нь ходоод гэдэсний үрэвсэл, шархлааг үүсгэдэг болохыг тогтоосноор, физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэж байсан юм. Энэ цаг үеэс хойш энэ бактеритай холбоотой судалгаа шинжилгээ их хийх болсон байна.


Хеликобактерийн хоруу чанар өндөртэй "Сад А" уураг нийлэгжүүлэгч тип 1, хоруу чанар багатай тип II гэж байна. Өөрөөр хэлбэл хоруу чанар өндөртэй типээр халдварласан үед үрэвсэл, шархлаа нь ходоодны хавдар үүсэхэд хурдацтай нөлөөлдөг.


Монгол, Японы эрдэмтдийн хамтран хийсэн судалгаанаас харахад, монголчуудын 74-82 хувь нь хеликобактерийн халдвартай, Улаанбаатар хотод насанд хүрэгсдийн 69 хувь, өсвөр насны хүүхдийн 64 хувь, бага насны хүүхдийн 65 хувьд тархжээ. Ходоодны шархлаа үүссэн хүмүүсийн 83-97 хувь, ходоод улаан хоолойн сөөргөө өвчтэй хүмүүсийн 56 хувь нь хеликобактерийн халдвартай гарсан байна. Хеликобактерийн халдвар одоогоор өндөр хөгжилтэй оронд 30 хувь, хөгжиж байгаа оронд 70 хувьтай байна.






関連ニュース