БУЛГАН: Хантай зөгийн балыг экспортод гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-18 14:56:22

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хантай зөгийн аж ахуй нь байгалийн цэвэр, биологийн идэвхит, дээд зэрэглэлийн зөгийн балаа экспортод гаргах, бэлэн байдлаа хангах зорилгоор "Монголын зөгийн балын экспортын кластер" санаачилгад нэгдсэн байна.


Энэ сарын 15нд болсон "Монголын экспортын кластерын өдөр" үйл ажиллагаанд Булган аймгаас "Баялаг Хантай" хоршооны дарга, экспортын кластерын зөвлөх Ч.Батцэцэг багаараа оролцлоо.


Тэрбээр ярихдаа, Яг хоёр сарын өмнө “Хантай зөгийн балаа экспортод гаргана аа” гээд бичиж байлаа. Зорилгынхоо төлөө 60 хоногт юу хийж амжуулснаа эргээд бодоход үнэхээр өөрсдөдөө онц дүн тавьмаар санагдаж байна.


Бид дотоодод хийх боломжтой ихэнх лабораторийн шинжилгээг хийлгэсэн. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид зөгийн балаа нарийвчлан шинжлүүлсэн. Шинжилгээний хариугаа хүлээн авч монгол зөгийн балын өндөр чанарыг дэлхийн түвшинд баталж чадлаа.


Европын холбооны босго шаардлагыг ч түвэггүй давсан. Түүгээр ч барахгүй дээд зэрэглэлийн зөгийн балын зах зээлд өрсөлдөх чанарын шалгуурыг Хантай зөгийн балаар хангалаа.


“Монголын зөгийн бал-2025” форумыг хамтран зохион байгуулж, үндэсний хэмжээнд 8 аймгийн 200 орчим зөгийчдийг цахим мэдээллийн сүлжээнд нэгтгэж, хамтын ажиллагаа өргөжүүлэн, мэдлэг чадвар, нөөц боломжоо нэгтгэлээ.

 

Зөгийн аж ахуйн салбарын дээвэр холбоодын дэмжлэгийг авч, салбарын 67 хувийн албан ёсны итгэмжлэлтэйгээр “Экспортын кластерын өдөр-2025” үйл ажиллагаанд багаараа оролцож, Монголын зөгийн аж ахуйн салбарын дуу хоолойг хүргэлээ.


Бид цаашид Монгол зөгийн балын гайхалтай чанарыг дэлхийн түвшинд баталснаа чанарын стандартаар нотлож, хэрэглэгчдэдээ таниулах болно.


Учир нь монгол зөгийн бал бол цаг уурын эрс тэс шалгуураар соригдож, сорчлогдож бий болдог биологийн өндөр идэвхит байгалийн шилмэл хүнс юм хэмээн онцоллоо.





















関連ニュース