“Талибан” Афганистаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргын аминд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /Reuters/. “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Дава Хан Менапалын аминд хүрчээ.
Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, Д.Менапал нийслэл Кабул хотод баасан гарагт автомашинаасаа бууж байх үедээ халдлагад өртсөн байна.
Хэрэг болсон газрын ойролцоо байсан нэгэн хүн буун дуу олон удаа сонссон гэж ярьжээ. Гэмт этгээдүүд хэргийн газраас зугтаасан бөгөөд “Талибан” халдлагын хариуцлагыг хүлээсэн байна.
“Талибан” энэ долоо хоногийн эхээр мөн Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Бисмелла Мохаммадигийн аминд хүрэхийг завджээ.
АНУ-ын цэргүүдийг энэ сарын эцэс гэхэд Афганистанаас бүрэн гаргана гэдгийг мэдэгдсэнээс хойш “Талибан” довтолгоогоо эрчимжүүлэх болоод байна.
Сэтгүүлчээр ажиллаж байсан Д.Менапал нь Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганигийн хэвлэлийн төлөөлөгчийн орлогчийн үүрэг гүйцэтгэж байжээ.