Шарапова Харвардын Бизнесийн сургуульд суралцана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /CNN/. Алдарт теннисчин Мария Шарапова сэргээшийн асуудлаас болж 2 жилээр тоглох эрхээ хасуулсан ч шийтгүүлсэн хугацаандаа зүгээр суухгүй бололтой. Учир нь, тэрбээр Харвардын Бизнесийн сургуульд элсэн орсон байна.
Дэлхийн шилдэг теннисчин өнгөрсөн долоо хоногт сургуулийнхаа талбайд авахуулсан зургаа өөрийн твиттер болон фейсбүүк хуудсандаа нийтэлжээ. Харвардын Бизнесийн сургуулийн элсэлтийн шалгалт маш хатуу байдаг бөгөөд 2016 онд элсэхээр бүртгүүлсэн оюутнуудын ердөө 11 хувь нь л шалгуурыг давж чадсан байна.
Тэрбээр ямар мэргэжлээр сурах гэж байгааг нь тодруулсан СNN-ий сурвалжлагчийн асуултад Шараповагийн бие төлөөлөгч хариулсангүй.
Энэ оны 1 дүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээний үеэр Шараповагаас авсан шинжилгээний дээжээс 2016 оны эхээр сэргээшийн жагсаалтад орсон мелдониум хэмээх бодис илэрсэн билээ.
“Porsche” болон “TAGHeuer” зэрэг алдартай брэндүүд Шараповатай хийсэн зар сурталчилгааны гэрээгээ цуцалснаас гадна НҮБ өөрийн Хөгжлийн хөтөлбөрийнхөө “Сайн санааны элч”-ээр өргөмжилсөн байснаа больсон байна. “Сайн санааны элч гэдэг бол миний хувьд хамгийн бахархал төрүүлэм үйл хэрэг байсан юм” гэж Шарапова ярьжээ.
Хэдийгээр Шарапова Спортын Арбитрын шүүхэд давж заалдаад байгаа боловч түүнийг уралдаан тэмцээнд оролцохыг нь түдгэлзүүлсэн хориг 2018 оны нэгдүгээр сарын 25-ныг дуустал үйлчлэх юм.
Мелдониум хэмээх бодис түүний 2006 оноос хойш түүний ууж эхэлсэн зүрхний эмэнд агуулагдаж байсан бөгөөд тухайн үедээ энэ бодисыг сэргээшид тооцдоггүй байжээ. Тэрбээр Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон эмийн жагсаалтад уг эм орсныг мэдээгүй байсан ажээ.
Х.Сарнай