Лондоны оршин суугчид ЕХ-ноос гарахыг эсэргүүцэн жагсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-03 12:58:31

ЛОНДОН. /АР/.  Өчигдөр хэдэн мянган хүн Их Британийг Европын Холбоонд /ЕХ/ үлдэхийг уриалан Лондон хот даяар жагсчээ.

Өнгөрсөн сарын 23-нд болсон бүх нийтийн санал асуулгад “ЕХ-ноос гаръя” кампанит ажил өрнүүлэгчид ердөө 3.8 хувийн илүү саналаар ялсан билээ.

Харин “ЕХ-нд үлдэе” кампанит ажил өрнүүлэгчид энэ санал асуулгын дүнг эсэргүүцэн жагсаал цуглаан хийсээр байна.

Их Британийн нийслэлийн оршин суугчдын олонх нь ЕХ-нд үлдэхийг дэмжсэн юм. Лондоны хэдэн арван мянган оршин суугч “Бид ЕХ-той хамт” гэсэн уриа лоозон барин хотын төвөөр жагсаал хийжээ.

60 орчим настай нэгэн эмэгтэй “ийм бага хувийн саналаар энэ улсын ард түмний хувь заяаг шийдэх нь буруу” гээд “ардчилал хулгайлагджээ” гэв.

Мөн 20 орчим настай залуу “ЕХ олон боломж олгодог. Тухайлбал, залуучууд бидэнд өндөр боловсрол эзэмших боломж олгож байна” гээд “харин одоо ЕХ-ноос гарахаар энэ боломжууд байхгүй болох вий гэж эмээж байна” гэлээ.

Г.Доржханд

関連ニュース