Нигерид олон арван мянган хүүхэд амиа алдах эрсдэлд ороод байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /Anadolu/. Нигерид лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн үйлдсээр буй хүчирхийллээс дайжин дүрвэсэн олон арван мянган хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлын улмаас амиа алдах эрсдэлд ороод байна.
“Боко Харам” бүлэглэлийн нөлөө өсөн нэмэгдсээр байгаа Нигерийн зүүн хойд нутгаас 2.4 сая хүн орон гэрээсээ дайжжээ.
Нигерийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн оноос эхлэн тусгай ажиллагаа явуулснаар “Боко Харам”-ынхныг олон тооны түшиц газраас нь хөөн гаргасан юм.
Гэвч тус бүлэглэлийнхэн худалдааны төв, шашны байгууллага болон харуул хамгаалалт харьцангуй сул бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй газруудад саяхнаас амиа золиослогчдыг ашиглан халдлага үйлдэх болсон байна.
НҮБ энэ сарын эхээр мэдэгдэхдээ “яаралтай арга хэмжээ авч, эмчилгээ хийхгүй бол энэ онд гэхэд Нигерийн зүүн хойд нутагт олон арван мянган хүүхдүүд хоол хүнсний дутагдлын улмаас амиа алдах эрсдэлд ороод байна” гэж анхааруулсан юм.
“Боко Харам”-ынхан Нигерийн хөрш улсуудад ч ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. Олон улсын хүний эрхийг хамгаалах нэгэн байгууллага мэдэгдэхдээ “Камерунд өнгөрсөн онд гэхэд “Боко Харам”-ынхан наад зах нь 200 удаа халдлага үйлдэн 480 хүнийг хөнөөсөн” гэлээ.
Хэт давруу үзэлт босогчдын хүчирхийллээс дайжсан дүрвэгчдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг НҮБ болон төрийн бус байгууллагууд уриалж байна.
Г.Доржханд