18 нас хүрээгүй охидтой гэрлэвэл 20 жил шоронд хорино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАНЖУЛ. /Anadolu/. Гамби улсын Ерөнхийлөгч Яхья Жамме хүүхэдтэй гэр бүл болох явдлыг хатуу хориглож байгаагаа Ид ал-Фитрь баярын үеэр сүсэгтэн олонд хандан мэдэгджээ.
Тэрбээр Ид залбирлын дараагаар лалын шашинт настангуудад хандан хэлсэн үгэндээ, хэрэв насанд хүрсэн эрэгтэй хүн 18 наснаас доош насны эмэгтэй хүүхэдтэй гэрлэвэл хамгийн багадаа 20 жил хорих ялаар шийтгүүлэх болно гэж анхааруулжээ. Мөн түүнчлэн охины эцэг эх нь 21 жилийн хорих ял авах аж.
“Хүүхэдтэй гэрлэх явдлыг Гамби улсад хориглож байна. Хэрэв хэн нэгэн үүнийг зөрчвөөс хатуу ял шийтгэл ногдуулах болно. Бид сургуульд явж сурч боловсрох ёстой хүүхдүүдийнхээ ирээдүйг сүйтгэж байна. Хэрэв лалын шашны удирдагч имам хүн хүртэл бага насны хүүхэдтэй гэр бүл болсон тохиолдолд би түүнийг шоронд хийх болно. Иймэрхүү гэрлэлтийг хэн нэгэн мэдсэн атлаа мэдээлээгүй тохиолдолд түүнд 10 жилийн хорих ял оноох болно” хэмээн Жамме анхааруулжээ.
Гамби улсын Ерөнхийлөгчийн хэлснээр тэрбээр энэ сарын сүүлчээр энэ талаарх хуульд гарын үсэг зурах ажээ.
Хүүхэдтэй гэр бүл болох явдал Гамбид энгийн үзэгдэл болсон байна. Өнгөрсөн онд Засгийн газраас явуулсан судалгаагаар, тус улсын 20-49 насны эмэгтэйчүүдийн 16 хувь нь 15 настайдаа гэрлэсэн бол 41 хувь нь 18 настайдаа нөхөрт гарсан байна.
Харин таван эмэгтэй тутмын нэг нь 19 настайдаа хүүхэдтэй болдог ажээ.
Х.Сарнай