“Рио-2016”-д Оросын 410 тамирчин оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-08 14:10:07

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Олимпын хороо Рио-де-Жанейро хотод болох зуны Олимпт 410 тамирчин оролцуулах хүсэлтээ 7 дугаар сарын 21-нд явуулахаар бэлтгэж байна гэж тус улсын Спортын сайд Виталий Мутко пүрэв гарагт мэдэгджээ.

“Бид 410 тамирчны өргөдлийг 7 дугаар сарын 21-нд явуулна. Одоогоор 620 тамирчин Олимпт бэлтгэж байгаа. Тэднээс 320 нь эрхээ авсан. Бид хөнгөн атлетикийн тамирчдын талаарх шийдвэрийг хүлээж байна” хэмээн Мутко ярьсан байна.

6 дугаар сарын дундуур Олон улсын Хөнгөн атлетикийн холбооноос/ИААФ/ тус байгууллага дахь Оросын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Үүнээс үүдэн ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид “Рио-2016”-д оролцох эрхгүй болоод байгаа юм.

Харин Олон улсын Олимпын хорооны уулзалтаар сэргээшийн зөрчил гаргаагүй тамирчид ОХУ-ын далбаан дор "Рио-2016"-д оролцож болно гэж мэдэгдсэн билээ. 2016 оны Зуны Олимп Бразилын Рио-де-Жанейро хотод  8 дугаар сарын 5-наас 21-ны хооронд болох бөгөөд оролцох тамирчдын өргөдлийг хүлээн авах эцсийн хугацааг 7 дугаар сарын 4-нөөр тогтоогоод байгаа юм.

Лозанна дахь Спортын арбитрын шүүх даваа гарагт ОХУ-н Олимпын хорооноос ИААФ-ын эсрэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан ажээ.

Х.Сарнай

 

関連ニュース