Ховд аймаг “Ажил мэргэжлийн төв”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-03 12:52:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд “Ажил мэргэжлийн төв” байгуулжээ. 

Тодруулбал, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын байранд “Ажил мэргэжлийн төв” байгуулж, аравдугаар сарын 29-нд ашиглалтад хүлээн авсан байна.

Тус байгууллага энэ жил хэд хэдэн компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, нийт 125 сая төгрөгийн санхүүжилт бүхий их засварын ажил хийсэн. Улмаар иргэдэд үйлчлэх өрөө, сургалтын танхим, ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөг тохижуулан, техник хэрэгслээр хангасан аж. 

Үүний үр дүнд ажилд зуучлах, ажил хайгч нарт мэдээлэл зөвлөгөө өгөх, ажлын байрны зар түгээх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэх боломж өргөжсөн байна. Мөн “Ажил мэргэжлийн төв”-д төрийн албан хаагчид ая тухтай ажиллах нөхцөл бүрдүүлж байгаагаараа онцлогтой.  

関連ニュース