Э.Ганзориг: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг бүртгэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-07 16:16:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь Цагдаагийн хэсгийн экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Ганзоригтой уулзлаа. 


- Экологийн цагдаад ямар төрлийн гэмт хэрэг их бүртгэгдэж байна вэ?

- Манай тасаг Бугат, Хангал, Сэлэнгэ сум, Хялганат тосгоныг хариуцан ажиллаж байна. Хариуцсан нутаг дэвсгэрийн хүрээнд экологийн асуудлын хувьд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна. Хууль бусаар ховор ургамал түүх, хууль бус ан хийх гэсэн зөрчлүүд гардаг. Өнгөрсөн онд 10 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг байгаа.

2021 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдээд байна. Үүнээс 11 нь хууль бусаар мод бэлтгэх, нэг нь ховор ургамал дэрэвгэр жиргэрүү түүж хадгалсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн холбогдогчдыг яллагдагчаар татан шалгаж байна.

- Энэ бүс нутаг байгалийн баялаг ихтэй. Ялангуяа намар цагт самар, жимс зөвшөөрөлгүй түүх явдал их байна уу?

- Байгалийн баялаг самар, жимс түүж, ашиглахтай холбоотой зөрчил харьцангуй гайгүй. Иргэд зохих зөвшөөрлөө аваад, гэрээ байгуулан ойн баялгийг ашиглаж байна. Энэ ажилд бид хяналт тавиад явж байна. Энэ жилийн хувьд самар, жимс хууль бусаар түүж, бэлтгэсэн зөрчлийн хэрэг гэмт бүртгэгдээгүй.

 - Хангай нутагт ан агнах явдал их бий. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байдаг бол?

- Хууль бусаар загас барих, гахай, буга агнах зөрчил бий. Буга агнаад байх нь гайгүй. Хууль бусаар гахай агнах зөрчил гарч байгаа. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт ан хийвэл гэмт хэргээр бүртгэгдээд шийтгүүлдэг. Загас хууль бусаар барьсан зөрчлийг МХГ-т шилжүүлж шийдвэрлүүлж байгаа. 2021 оны хувьд үер ус элбэгтэй жил байсан учир иргэд загасчлах нь бага байсан.

 - Экологийн цагдаагийн хувьд ажиллах боломж нөхцөл ямар байдаг вэ?

- Бэрхшээл гайгүй. Хууль бус гэмт хэрэг болох мод бэлтгэж, ан хийж байгаа мэдээллийг аваад очиход барьж чадалгүй алддаг. Бидний техникийн боломж бас хангалттай биш байдаг. Том голын ой сав газар учир ОБГ-ын алба хаагчидтай хамтран зарим үед завиар эргүүл шалгалт хийж ажилллаж байна.

 

関連ニュース