Энэ онд 200 гаруй төсөл, бүтээн байгуулалтын ажил хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ онд Ховд аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн нийт 65 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 гаруй төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажил өрнөжээ.
Үүнээс онцлоход, шинээр улсын
төсвийн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 төсөл, арга хэмжээ
хэрэгжүүлсэн ба уг ажлын гүйцэтгэл одоо 82.3 хувьтай явж байна.
Үүнээс 11 төсөл, арга
хэмжээ, бүтээн байгуулалт 2021 онд ашиглалтад орохоос 9 ажил хүлээн авах
шатандаа байна. Үлдсэн хоёр төсөл, арга хэмжээ буюу Засгийн газрын хэрэг эрхлэх
газраас эрх шилжсэн “Сум, багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”/Ховд/ 200.480 сая
төгрөгийн ажлууд худалдан авах ажиллагааны шатанд явж байгаа аж. Мөн он дамжин
хэрэгжих дөрвөн төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу
хийгдэж байна гэж албаныхан хэллээ.
Энэ онд политехникийн коллежийн
барилга, Ховд суманд сургуулийн барилга, 240 хүний суудалтай спорт заал, сумдын
ЗДТГ-ын барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлыг шинээр хүлээн авч,
ашиглалтад оруулаад байна.
Үүний зэрэгцээ орон нутгийн
төсвийн 12.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 258 төсөл, арга хэмжээ,
бүтээн байгуулалтын ажил хэрэгжүүлэхээс ажлын гүйцэтгэл одоо 89 хувьтай байна.
Үүнд, иргэдийн эрүүл, аюулгүй
орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хийсэн томоохон ажлууд гэвэл нийтийн халуун усны
барилга барих (1.6 тэрбум төгрөг), нийтийн байрнуудыг хэрэглээний халуун устай болгох
(400.0 сая төгрөг), нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах (1.8 тэрбум
төгрөг), гэрэлтүүлэг хийх (420.0 сая төгрөг) зэрэг ажил байв.
Мөн орон нутгийн
төсвийн хөрөнгө оруулалтаар “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн хүрээнд 20 айл
өрхийг цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбоход 50.0 сая төгрөг, Ховд
хотын ундны усны хоёр дахь эх үүсвэрийн зураг төсөв, үерийн усны сувагчлал хийхэд
440.0 сая төгрөг тус тус зарцуулсан аж.