“Харилцан хүндэтгэе” сарын аян өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо 2022 оны анхдугаар хурлаа зохион байгууллаа.
Хурлаар Жендэрийн чиглэлээр 2020-2021 онд хэрэгжүүлсэн ажлын
тойм, үр дүн, “Жендэрийн эрх тэгш байдлыг
хангах” аймгийн дэд хөтөлбөр болон 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний
төслийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцов.
Энэхүү салбар хороо нь нийт
23 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ үндэсний, салбарын хөгжлийн
бодлого, хөтөлбөртэй орон нутгийн жендэрийн бодлогоо уялдуулан үйл
ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргадаг байна.
Энэ жилийн хувьд “Жендэрийн тэгш байдлыг хангах” тухай хуулийн
хэрэгжилтийг сайжруулах, төрийн алба, соёл, боловсролын салбар, хөдөлмөр
эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг
үндсэн 8 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаар болж, төлөвлөгөөгөө
баталлаа.
Мөн улс орон даяар Жендэрийн мэдрэмжтэй, харилцан хүндлэлтэй
байхад уриалж “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зохион байгуулах юм.