“ZTE” компанийн цэвэр ашиг 1 тэрбум ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-03-09 13:51:47

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Харилцаа холбоо, сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компаниудын нэг болох Хятадын “ZTE” компани өнгөрсөн онд нэг тэрбум гаруй ам.долларын ашигтай ажиллажээ. Ийм хэмжээний ашиг олоход салбарын хурдацтай хөгжил нөлөөлсөн гэж Хонконгийн хөрөнгийн бирж дээр мягмар гаргийн оройн нийтэлсэн компанийн санхүүгийн тайланд дурдсан байна.


Тайлангаас үзвэл, "2021 онд компанийн энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах цэвэр ашиг 6.81 тэрбум юань (1.08 тэрбум ам.доллар) байсан нь жилийн дунджаас 59.9 хувиар өссөн үзүүлэлт аж”.


Өнгөрсөн онд Хятадын харилцаа холбооны салбар эрчимтэй хөгжиж, мэдээллийн шинэ дэд бүтцүүд, тэр дундаа тав дахь үеийн сүлжээг (5G) идэвхтэй байгуулсныг “ZTE” онцолжээ. Өнгөрсөн оны эцэс гэхэд Хятадад “5G” сүлжээний 1.425 сая суурь станц ашиглалтад орсон байна. "Эдгээр станц нь одоогоор хошууны түвшний бүх хотын бүсийн 98 гаруй хувь, хөдөөгийн суурин газруудын 80 гаруй хувийг хамарч байна" гэж тайланд тэмдэглэжээ.


Тайланд дурдсанаар, 2021 онд 5G сүлжээ дэмждэг 266 сая ухаалаг гар утас дотоодын зах зээлд гарсан нь өмнөх оныхоос 63.6 хувиар их үзүүлэлт байна.


Өмнөд Хятадын Шэньжэнь хотод төвтэй “ZTE” компани нь 1985 онд байгуулагджээ. АНУ, Швед болон бусад хэд хэдэн оронд судалгааны төвүүдтэй тус компанийн дэлхий даяарх нийт ажилчдын тоо 73 мянга давдаг бол патент авах хүсэлтийн тоогоор дэлхийд эхний тавд ордог.


関連ニュース