Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-17 10:34:41
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эмч, сувилагч нарын баг ӨЭМТ, аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны дэргэдэх "Манлайлагч" эмэгтэйчүүдийн бүлгэмтэй хамтран Эрдэнэбулган сумын хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулснаар өвчлөлийг эрт илрүүлэн эмчилгээнд хамруулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, жирэмслэлтээс сэргийлэх арга, иргэд болон асран хамгаалагчид гэр бүлийн гишүүдийг зөвлөгөө, мэдээллээр хангах ач холбогдолтой юм.
Урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах удирдамжийн дагуу ажлын бус цагаар үзлэгийг зохион байгуулсан байна. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээг нийт 14 эмч, сувилагч мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. ӨЭМТ-ийн эмч нарын судалгаагаар 72 хүн хамрагдах ёстойгоос 20 иргэн буюу 26.3 хувь хамрагдсан нь иргэдийн оролцоог хангалтгүй байгааг илтгэж байв. Урьдчилан сэргийлэх үзлэгийг НҮЭМК-ийн эрхлэгч С.Содномдорж, ахлах сувилагч Ю.Долгорсүрэн нар зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, эхо оношилгоо, умайн хүзүүний эсийн шинжилгээ, наацын шинжилгээ, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлд хамруулах, серилогийн шинжилгээ хийх зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Шинжилгээний хариуг ӨЭМТ-ийн эмч нарт хүлээлгэн өгч, цаашид эмчилгээний дараа дахин шинжилгээнд хамруулж, үр дүнг тооцох уялдаа холбоотой ажиллах талаар зөвлөгөө өгсөн байна.
関連ニュース