Ж.Байден НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-03-16 09:59:26

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Умард Атлантын гэрээний байгууллагын /НАТО/ удирдагчидтай уулзахаар ирэх долоо хоногт Бельгийг зорино гэж Цагаан ордон мягмар гарагт мэдээлжээ.


Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакийн мэдээлснээр, Ж.Байден Украинд явуулж буй Оросын ажиллагааны хариуд эвслийн батлан хамгаалах хүчин чармайлтын талаар хэлэлцэнэ. Гуравдугаар сарын 24-нд болох уулзалтын үеэр тэрбээр мөн НАТО-гийн холбоотнууддаа өгсөн АНУ-ын үүрэг амлалтыг дахин нотлох ажээ.


“Ж.Байден мөн Европын Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Орост эдийн засгийн хориг арга хэмжээ авах, хүчирхийлэлд өртсөн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зөрчил мөргөлдөөнөөс үүдэлтэй бусад сорилтуудыг зохицуулах талаар хэлэлцэнэ” гэж Ж.Псаки мэдээлсэн байна.


Харин Ж.Байден Украины хил дээр үүсээд буй хүмүүнлэгийн хямралд туслалцаа үзүүлж буй НАТО-гийн түнш орон болох Польшийг зорих эсэх талаар Ж.Псаки мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Мөн Ж.Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийтэй биечлэн уулзаж магадгүй гэх мэдээллийг батлаагүй байна.


Мягмар гаргийн өглөө НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украинд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар эвслийн удирдагчидтай хэлэлцэх ээлжит бус дээд хэмжээний уулзалтыг хуралдуулна гэдгээ мэдэгджээ. 

関連ニュース