Хүрмэн чулууны ордыг орон нутгийн бүтээн байгуулалтад ашиглах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-18 15:58:22

Архангай /МОНЦАМЭ/. "Архангай аймгийн Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн-2022" үйл ажиллагааг барилга угсралт, зураг төсөв, барилгын материал үйлдвэрлэлийн тусгай завшөөрөлтэй 29 аж ахуйн нэгж, байгууллага, 19 сумын төлөөлөл нийт 152 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж дууслаа.


Зөвлөгөөнөөр улс орон нутгийн төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, хот байгуулалтын төлөвлөлт, барилга угсралтын ажлын чанар аюулгүй байдал, барилгын материал үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, олон нийтийн барилгын дулаалгын талаар, 2022 онд барилгын салбарт анхаарах асуудлын талаар танилцуулга мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн дараах зөвлөмж санал гарлаа. Үүнд:


-Тариат сумын хүрмэн чулууны ордыг орон нутгийн бүтээн байгуулалтад ашиглах,

-Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарт төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх,

-Архангай аймагт дулааны цахилгаан станц барьж байгуулах ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэх,

-Аймгийн төвд барьсан болон барьж байгаа 3 байршлын 93 айлын орон сууцны барилга байгууламжид техникийн нөхцөл олгож, нэгдсэн дулааны шугам сүлжээнд холбох асуудлыг "Эх голомтын илч" ХХК-д үүрэг болгох, шийдвэрлүүлэх талаар аймгийн Засаг даргад санлаа хүргүүлэх,

-Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, арматурын төмрийн үнийг төр засгаас бодлогоор анхаарах,

-Барилгын материалын үйлвэрлэлийг хөгжүүлэх талаар орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг үзүүлэх /хүрмэн блок, мод модон бүтээгдэхүүн, хуванцар хаалга, цонх/

-Барилгын материалын лабораторид шаардлагатай байгаа хуванцар цонх хаалганы болон металл эдэлхүүний лабораторийн тоног төхөөрөмжийн хөрөнгийг барилгын техник хяналтын зардлаас шийдвэрлүүлэх,

-Худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны комисст ТББ, иргэний төлөөллийг хуулийн дагуу оролцуулах үүрэгтэй. Энэ иргэний төлөөлөлд барилгын мэргэжлийн хүн, барилгын компанийн төлөөлөл оруулах,

-Орон нутгийн барилгын компаниудыг аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх бодлого барьж ажиллах. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан 30 хувь урьдчилгаа төлбөр олгуулдаг болох,

-Засгийн газрын шийдвэрийн дагуу орон нутагт гүйцэтгэлийн баталгааг харгалзах,

-Барилгын материалыг хөгжүүлэх тал дээр анхаарч, шаардлагатай байгаа үйлдвэрийн судалгааг хийж, ТЭЗҮ-г боловсруулах,

-Аймгийн Барилгачдын холбооны бүрэлдэхүүнд дахин шинэчлэл хийж, байнгын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Барилгын инженер техникийн ажилчдыг чадавхжуулах, барилга угсралтын ажилд шинээр нэвтэрч буй дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх тал дээр гадаад дотоодын сургалтыг зохион байгуулах,

-Сумдын барилга болон зам гүүрд ашиглагдах түгээмэл тархацтай орд газруудын /элс хайрга дайрга, хүрмэн чулуу шохой, шавар/ судалгааг хийж, байршил, нөөцийг тогтоож, стандартад нийцсэн түүхий эдийг ашиглах, 

-Архангай аймгийн төв болон сумдын байгаль газар зүй, бүс нутгийн онцлогт тохирсон орон сууц болон амины орон сууцны загвар зургийг бий болгож, экспертизээр батлуулах /амины орон сууцны загвар зургийн үнийг орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэх/

-Сумдад үйлчилгээний зориулалттай /олон нийтийн барилга/ загвар зураг төсвийг боловсруулж, экспертизээр батлуулах /орон нутгийн хөгжлийн сангаас зураг төсвийн хөрөнгийг шийдвэрлэх/

-Барилга угсралтын ажлыг хэрхэн үе шат, дэс дараалалтай хэрэгжүүлэх талаар иргэд аж ахуйн нэгж байгууллагад ойлгомжтой байдлаар гарын авлага бэлтгэн сурталчлах,

-Эрчим хүчний хэмнэлттэй, чанар стандартад нийцсэн амины барилга, байгууламжийг хэрхэн бий болгох талаар ард иргэдэд сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах гэсэн санал зөвлөмжүүд гарчээ.

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Жэрэс олон улсын байгууллагаас санаачлан аймгийн ЗДТГ, Барилгачдын холбоотой хамтран зохион байгууллаа.


関連ニュース