Шаардлагатай багаж хэрэгсэл худалдан авах 20 сая төгрөгийг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-29 20:46:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилтан албан хаагчидтай аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нар уулзалт хийлээ. Ковид цар тахлаас шалтгаалан хоёр жил орчим хугацаанд дээрх байгууллагын ажилтан албан хаагчидтай уулзаж ажлын байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцоогүй юм.

Тус уулзалтад зам талбайн үйлчилгээний 1-4 хэсэг, автын хэсэг, байцаагч нарын хэсэг, цахилгааны хэсэг, тохижилтын хэсэг, захиргаа аж ахуйн хэсгийн ажилтан албан хаагчид оролцсон юм. Цар тахлын хүнд хэцүү үед үүрэгт ажлаа хийж хотын өнгө үзэмж, халтиргаа гулгаанаас сэргийлэх, зам талбайн тохижилт үйлчилгээгээ тасалдуулаагүй гэдгийг тухайн байгууллагын удирдлага онцолж байлаа. Тэдний өмнө багаж хэрэгсэл, цалин, хүний нөөц, хотод доторх болон ажилд хэрэглэгдэх хогийн сав дутмаг зэрэг олон асуудал тулгамддаг талаар ажилчид ярьж байлаа.

Энэ өдрийн уулзалтаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал зам, талбайн ажилтнуудад шаардлагатай багаж хэрэгслийг худалдан авахад шаардагдах 20 сая төгрөгийг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Түүнчлэн 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн хэмжээнд тохижилтын сар болгон зарлаж буйг хэлэхийн зэрэгцээ тухайн ажилд хамтдаа оролцож хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахыг уриаллаа.

Ирэх сарын нэгнээс эхлэн аймгийн НААҮГ-т менежментийн өөрчлөлт хийж Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон орлогоо нэмэгдүүлэх боломж олгох ажээ. Ингэснээр анхан шатны үйлчилгээний ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Б.Азжаргал Зам талбайн үйлчлэгч, хог ачигч, жолооч, цахилгаанчин гээд нийт 126 ажилтанд ковидын дараах дархлаа сэргээх зорилгоор тус бүрд нь дархлааг дэмжих бүтээгдэхүүн авах 100,000 төгрөг болон хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүллээ.

 

関連ニュース