“Шинэ Ховд” бизнес хөгжлийн төв нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-02 17:10:42

Ховд /МОНЦАМЭ/. “Шинэ Ховд” бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагаа эхэллээ. 

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хэрэгжүүлж буй "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" (PROGRES) төсөл нь Улаанбаатар, Орхон, Ховд аймагт 2021-2023 онд хэрэгжиж байна.

Төслийн зорилго нь "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал" юм.

GIZ-ийн PROGRES төсөл болон “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорац” ОНӨААТҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд бизнес хөгжлийн төвийн барилга байгууламжийг иж бүрэн шинэчлэн засварлаж, тохижуулан 2022 оны гуравдугаар сард ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа эхлээд буй.

Улмаар өнөөдөр “Шинэ Ховд бизнес хөгжлийн төвийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниель Пассон, Монголын асуудал хариуцсан менежер Мартина Агрелль, Санхүү, захиргааны захирал Тилла Детер болон  бусад албаны хүмүүс оролцов.


“Шинэ Ховд” бизнес хөгжлийн төв нь Ховд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангах юм. Энэхүү төв нь орчин үеийн оффисын техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон бөгөөд бизнесийн уулзалт, төрөл бүрийн сургалт зохион байгуулахаас гадна бизнес эрхлэгчдэд дундын оффисын үйлчилгээг санал болгож байна.

Түүнчлэн PROGRES төсөл нь Ховд аймгийн “Шинэ Ховд бизнес хөгжлийн төвтэй 150.0 сая төгрөгийн өртөг бүхий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан ба энэхүү гэрээгээр “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв нь бизнес эрхлэгчид, гарааны бизнесүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад дэмжих аж. 

“Шинэ Ховд бизнес хөгжлийн төв Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын (хуучин) байранд байрлаж байна. 

Тус төв нь 50 гаруй удаагийн сургалтыг үнэ төлбөргүй явуулж 600-аад бизнес эрхлэгчид зөвлөгөө мэдээлэл өгчээ. 

Ховд аймагт 3700 орчим аж ахуйн нэгж бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 50-иад хувь нь сүүлийн гурван жилд байгуулагдсан байна. Иймээс энэ төвийн үйлчилгээ ялангуяа гарааны бизнес эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тогтворжуулж ажлын байрыг хадгалахад чухал үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байна.  

 

 

関連ニュース