АРХАНГАЙ: Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг “Инженер геодези” ХХК гүйцэтгэж байна. Тус байгууллагын ажлын баг 2022 оны 9 дүгээр сарын 23-наас ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд 18 суманд ажиллаж, газрын нэгдмэл сангийн зургаан ангилалд мэдээлэл цуглуулан санал авч байна.
Аймгийн Засаг дарга М.Батжаргал Монгол Улсын Зөвлөх инженер Ж.Даваабаатараар ахлуулсан ажлын багийн бүрэлдэхүүнтэй уулзаж, гүйцэтгэлийн явцтай танилцан мэдээлэл солилцлоо.
Засаг дарга ажлын багт хандан аймгийн ард иргэдэд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа талаар мэдээлэл хүргэж санал авах, төлөвлөлтийнхөө график төлөвлөгөөг эхний байдлаар аймгийн хурлын Төлөөлөгчид болон сумын Засаг дарга нарт танилцуулах мөн саналыг тусгах ажлыг зохион байгуулахыг хүслээ.
Аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 12-16 жилийн хугацааг хамруулан хөдөө аж ахуйн газар, хот, тосгон, бусад суурины газар, зам, шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар гэсэн үндсэн зургаан ангилалд боловсруулдаг журамтай.
Иргэд та бүхэн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд саналаа тусгахыг хүсвэл egazar.gov.mn сайт руу нэвтэрч саналаа өгөх боломжтой аж.