БАЯН-ӨЛГИЙ: "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгийн болзлыг 8 суралцагч хангаж бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-21 14:06:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 75 дугаар тогтоолоор "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ыг баталсан.


Уг тэтгэлэгт сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалах сум, хороондоо суралцан төгссөн, тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан суралцагч хамрагдах боломжтой юм.


Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодроод байгаа. Тус тэтгэлэгт Баян-Өлгий аймгаас Б.Нурбол, А.Дидар, Б.Лайлим, Е.Серхулан, Е.Ахжибек, М.Ахерке, Х.Балмаржан, А.Ахтилек нарын 8 суралцагч шалгарав.


Тэднийг зохих журам, шалгуур, болзлын дагуу Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр тодруулсан байна.


Болзол хангасан суралцагчид төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийж байна. Мөн харилцааны болон албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.


Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэх ажээ.

関連ニュース