“McDonald's” Казахстанд үйл ажиллагаагаа зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
АСТАНА. /Kazinform/. Казахстан дахь “McDonald’s” брэндийн түргэн хоолны сүлжээ зоогийн газрын бизнесийг эрхэлдэг "Food Solutions KZ" компани нь нийлүүлэлтийн асуудалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоож
буйгаа пүрэв гарагт мэдээлжээ.
Орон нутгийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Казахстан дахь “McDonald’s”-ын зоогийн газруудыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 18-наас түр хаасан талаар өмнө нь тус компани мэдээлж байсан юм. Энэ нь тус компани гадаадаас импортоор оруулж ирдэг байсан түүхий эдээ орон нутгаас бэлтгэж эхэлсэнтэй холбоотой гэж Казахстаны шадар сайд бөгөөд Худалдаа, интеграцын сайд Серик Жумангарин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-нд мэдээлж байв.
"Food Solutions KZ" компани үйл ажиллагаагаа сэргээх, шинэ нэрээр түргэн хоолны газрууд нээх хугацаагаа ойрын хугацаанд зарлана гэдгээ мэдэгджээ. "Шилжилтийн өдрөөс хойших компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх асуултад бид хариулна" гэж тус компанийн мэдээлэлд дурдсан байна.
Компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр нь зөвхөн нийлүүлэлтийн асуудалтай холбоотой бөгөөд Украин, Беларусийн эргэн тойронд үүсэн нөхцөл байдал болон Казахстан, Беларусь, мөн ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт “McDonald’s”-ын франчайз эзэмшигч Кайрат Боранбаевийн баривчилгаатай огт хамааралгүй гэдгийг компани мөн мэдээлсэн байна. "Forbes Казахстан" сэтгүүлийн хувилбараар тус улсын хамгийн баян бизнес эрхлэгчдийн жагсаалтад 14 дүгээрт бичигддэг Кайрат Боранбаев нь өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр хийн салбарт хөрөнгө шамшигдуулсан хэргээр Астана хотын шүүхийн өмнө зогссон юм.
“McDonald’s” /"Food Solutions KZ"/ компани нь Казахстанд зургаан жил
гаруй үйл ажиллагаагаа эрхэлж байгаа бөгөөд нийт 24 салбар ажиллуулж, 2000 орчим хүнийг ажлын байраар хангаж байжээ.