Саналын хуудсуудыг дахин тоолохыг Бан Ги Мүн уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Габон улсын эрх баригчдад хандан Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг дахин тоолохыг уриаллаа.
Тэрбээр бичгээр хийсэн мэдэгдэлдээ, Габонд үүссэн нөхцөл байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд “улстөрийн бүх хүчнүүд хүлээцтэй байх хэрэгтэй” гэж дурджээ.
“Миний хувьд Габоны ард түмэн, ялангуяа залуучууд сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Тэд амьдралынхаа нөхцлийг сайжруулж, ардчилсан өөрчлөлт хийхийг хүсч байгаа билээ” гэж Бан Ги Мүн мэдэгдэлдээ онцолсон байна.
Тус улсад харилцаа холбооны хэрэгслүүд ялангуяа интернэтийн сүлжээ, мессеж солилцох үйлчилгээ болон радиостанц, телевизийн сувгуудын үйл ажиллагааг сэргээхийг Бан Ги Мүн Габоны Засгийн газарт хандан уриалжээ. Түүнээс гадна, аль болохоор хүлээцтэй байж, хүний эрхийн хэм хэмжээг хүндэтгэхийг аюулаас хамгаалах албаныханд тэрбээр мөн уриаллаа.
Сануулан дурдахад, Габоны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч, 73 настай Жан Пинг-ийг дэмжигчид өнгөрсөн бямба гарагт явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Али Бонго ялсныг зарласны дараа нийслэл Либревиль хот дахь Үндэсний Ассемблейн байрыг галдан шатаажээ. Мөн хоёрдахь том хот болох Порт-Жантиле-д хууль сахиулагчид болон сонгуулийн дүнг эсэргүүцэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн болсон байна.
Одоогийн төрийн тэргүүн Бонго нь Пингээс 5594 хүний саналаар илүү буюу 49.8 хувийн санал авч ялалт байгуулсан бол Пинг сонгогчдын 48.23 хувийн дэмжлэгийг хүлээжээ.
Гэвч Жан Пинг сонгууль будлиантай болсон гэж үзэж байгаа юм.
Х.Сарнай