Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал дахин өрнөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /France24/. Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал пүрэв гарагт дахин өрнөж, олон зуун мянган хүн оролцжээ.
Үндсэн хуулийн
зөвлөл маргаан дагуулсан хуулийн төслийн талаар тогтоол гаргахаас нэг өдрийн
өмнө жагсагчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Дотоод хэргийн яамны мэдээллээр, пүрэв гарагт орон даяар 380 мянган хүн жагсаал цуглаанд оролцсон нь долоо хоногийн өмнөхөөс 200 мянга орчмоор буурсан байна. Харин өнгөрсөн пүрэв гарагт хоёр сая гаруй хүн жагссан гэж мэдээлж байсан үйлдвэрчний эвлэлүүд энэ долоо хоногт нэг сая гаруй хүн жагсаалд оролцсон хэмээн тооцоолжээ.
Сүүлийн долоо
хоногуудад Ерөнхийлөгч Эмманюэль Макрон үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай
хэлэлцээ хийх уриалгыг хүлээн авахаас татгалзсан ч баасан гарагт зөвлөлийн шийдвэр гарсны дараа
тэднийг хэлэлцүүлэгт урина гэдгээ мэдэгдсэн байна.
Францын Засгийн газар
гуравдугаар сарын 16-ны өдөр тэтгэврийн шинэчлэлийг парламентад санал хураалт
явуулахгүйгээр батлахын тулд Үндсэн хуулийн 49.3 заалтыг ашигласан нь олны
дургүйцлийг хүргэжээ.
Хэдийгээр жагсагчдын
тоо цөөрсөн ч Парис, Ренн, Нант зэрэг хэд хэдэн хотод жагсагчид, цагдаа нарын
хооронд мөргөлдөөн болжээ. Түүнчлэн Парист төмөр замын 100 гаруй ажилтан “LVMH”
группийн төв байр луу дайран орсон байна.