Дэлхийн хүнсний хөтөлбөр Судан дахь хүмүүнлэгийн ажиллагаагаа түр зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-17 14:38:21

РОМ. /Xinhua/. Дэлхийн хүнсний хөтөлбөр /ДХХ/ Судан дахь гурван ажилтан нь амиа алдсан харамсалтай явдал гарснаас нэг хоногийн дараа тус улс дахь хүмүүнлэгийн ажиллагаагаа түр зогсооно гэдгээ мэдэгдлээ.


Суданы Хойд Дарфур мужийн Кабкабия дүүрэгт ажилтнууд нь амиа алдсан явдалд гүнээ эмгэнэж байгаагаа ДХХ-ийн гүйцэтгэх захирал Синди Маккейн илэрхийлсэн байна. С.Маккейн мэдэгдэл хийх үеэрээ тэдгээр ажилтныг дэлхийн өлсгөлөнгийн хямралын галын шугамд үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алдсаныг батлаад, уг халдлагын үеэр өөр хоёр ажилтан шархадсан талаар мэдээлжээ.


Амиа алдсан ажилтнууд бүгд Суданы иргэд байсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. ДХХ-ийн мэдээлснээр, Суданд бямба гарагт болсон өөр нэгэн ослын улмаас “Хартум” олон улсын нисэх буудал дахь хүмүүнлэгийн тусламжийн нисэх онгоц нь ноцтой сүйдсэн байна.


“Хүмүүнлэгийн ажиллагааны үеэр хүний амь нас эрсдэх явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй, бусад ажилтнуудын аюулгүй байдлыг баталгаажуулах алхмуудыг нэн даруй авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Төвийг сахидаг тусламжийн ажилтнууд халдлагын бай болох ёсгүй. Манай ажилтнуудад аюул занал учирч буй нь ДХХ-ийн амин чухал үйл хэргийг гүйцэтгэх боломжийг үгүй хийж байна” гэж С.Маккейн мэдэгдэв. Мөн ДХХ Судан дахь аюулгүй байдлын нөхцөлд үнэлгээ хийх хугацаандаа бүх үйл ажиллагаагаа түр зогсоож байгааг уламжилжээ.


Өнгөрсөн бямба гаргаас Суданы зэвсэгт хүчин болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхний хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсээд байна. Суданы Эмч нарын хорооны мэдээллээр, мөргөлдөөний улмаас 97 энгийн иргэн амь үрэгдэж, 942 хүн шархаджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хоёр хүчний хооронд мөргөлдөөн үүссэнийг зэмлэн буруушааж буйгаа мэдэгдээд, дайсагналаа нэн даруй зогсоохыг талуудад уриалсан билээ. 

関連ニュース