Суданд зэвсэгт мөргөлдөөн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-04-24 14:10:11

ХАРТУМ. /Anadolu/. Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхний /RSF/ хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөн лалын шашинтнуудын “Ид аль-Фитр” баярын үеэр түр гал зогсоосныг эс тооцвол хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.


Нийслэл Хартум болон бусад хотуудад энэ сарын 15-нд мөргөлдөөн эхэлснээс хойш 413 хүн амиа алдаж, 3551 хүн шархаджээ.


Цэргийн аюулгүй байдлын шинэчлэлийн талаар сөргөлдөгч талуудын хооронд сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн санал зөрөлдөөн ийнхүү мөргөлдөөн болж хувираад байна. Уг шинэчлэлд “RSF”-ийг армийн үйл ажиллагаанд бүрэн оролцуулах талаар тусгажээ. Энэ нь иргэний болон ардчилсан засаглалд шилжихийн төлөө олон улсын болон бүс нутгийн талуудын явуулж буй хэлэлцээний гол асуудлуудын нэг юм.


Армийн командлагч, генерал Абдель Фаттах аль-Бурхан болон “RSF”-ийн командлагч, генерал Мохамед Хамдан Дагало нарын хоорондох эрх мэдлийн төлөөх тэмцэл тус улсыг иргэний дайны ирмэгт авчраад байна. 2019, 2021 онд болсон цэргийн эргэлт, 2018 онд амьжиргааны өртөг нэмэгдсэнээс үүдэлтэй олон нийтийн эсэргүүцлийн дараа улс төр, эдийн засгийн байдал улам бүр тогтворгүй болоод байгаа үед ийм нөхцөл байдал үүсжээ.


“RSF” дөрөвдүгээр сарын 13-нд Хартумаас хойд зүгт 436 км зайд орших “Мерове” нисэх онгоцны буудал дахь цэргийн бааз руу томоохон бүрэлдэхүүн илгээснээр мөргөлдөөнийг өдүүлсэн байна.


Суданы Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, Суданы Бүрэн эрхт зөвлөлийн дарга бөгөөд улсын де-факто удирдагч аль-Бурхан “RSF”-ийг улсын эсрэг босогч хүчин гэж зарлаж, татан буулгахаар шийджээ. 

関連ニュース